Ш.Одонбаатар: Айлчлалыг өндөржүүлсэн бэлэн байдалд хийх тул олон хүн оролцуулахгүй


2020-09-10 11:56:29

Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Ш.Одонбаатар “Монгол Улсын Гадаад харилцааны сайд Т.Энхтайваны урилгаар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн буюу Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 15-16-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлалчлын үеэр хоёр улсын Гадаад хэргийн сайд нар албан ёсны хэлэлцээр хийнэ.

Мөн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И төрийн 3 өндөрлөгт бараалхана.

Айлчлалын гол зорилго нь хоёр талын хамтын ажиллагааг урагшлуулах. Тэр дундаа цар тахлын улмаас худалдаа, эдийн засагт үүссээд байгаа хүндрэл, бэрхшээлүүдийг даван туулахад энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэнэ.

Цар тахал эхэлсэнээс хойш Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчилж, сэтгэл санааны болон бусад чиглэлийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн. Энэ нь хоёр улсын харилцаанд ихээхэн түлхэц болсон. Үүнд хариу барьж байгаа зүйл нь дээрх айлчлал гэж хэлж болно.

Иж бүрэн стратегийн түншлэлтэй орнуудын хувьд дээд түвшний харилцан айлчлал тогтмол хэрэгжүүлдэг. Цар тахлын улмаас төлөвлөж байсан олон арга хэмжээ хойшилж, зарим нь цуцлагдсан.

Хятад улс цар тахлыг хяналтдаа авсан, Монгол Улсын дотооддоо алдаагүй байдлаас үүдэн айлчлалыг зохион байгуулахаар болсон. Айлчлалыг манай улсад өндөржүүлсэн бэлэн байдалд зохион байгуулах тул аль болох цөөн хүн оролцуулна.

Дэлхийн улс орнууд шинэ нөхцөл байдалд дасан зохицуож сүүлийн саруудад гадаад айлчлал, олон талт уулзалтууд идэвхжүүлж эхэлж байна. Ялангуяа 07, 08 сард гадаад хэргийн сайд нар айлчлалаа эрчимжүүлж эхэлсэн. Тухайлбал, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад ирэхээсээ өмнө ОХУ, Киргиз, Казахстанд айлчлаад ирнэ. Үүний өмнө Европын орнууд болон Итали, Нидарланд, Норвеги, АНУ, Франц, Герман улсад айлчилсан.

Мөн АНУ-ын Гадаад хэргийн сайд сүүлийн саруудад 20 гаруй улсад айлчилсан байна. Японы гадаад хэргийн сайд сүүлийн 2 сарын хугацаанд 10 гаруй улс орноос айлчилсан. Цар тахлын хүнд үед гарч байгаа бэрхшээл хүндрэлүүдийг даван туулахад орчин үеийн технилогийг ашгиглаж, цахим хэлбэрээр уулзалт хийж байгаа боловч хүн хоорондын харилцаа, нүүр тулж ойлголцох байдал дутагддаг юм байна. Иймээс боломжтой нөхцөл байдлыг хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзжээ” гэлээ.

Айлчлалын үеэр цар тахлаас урьдчилсан сэргийлэх, хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаанд гарсан ахицыг бататгана. Мөн эдийн засгийн томоохон төсөл, хөтөлбөрийг хөдөлгөх, уул уурхайн болон бусад бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээний талаар хоёр тал ярилцах шаардлагатай талаар онцлов. 

Түүнчлэн хилийн боомтуудын нэвтрэх чадамжийг дээшлүүлэх гэхчлэн олон асуудлыг нүүрэн тулан уулзаж, шийдвэрлэх аж. 

Айлчлалын үеэр Монгол Улс, Хятад улс хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэх баримт бичигт гарын үсэг зурна.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү