Х.Бадамсүрэнгийн дараагийн хүн тодорчээ


2020-09-10 13:01:28

“Эрдэнэт” үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнг улс төрийн хүрээнийхэн долоон голтой нөхөр гэдэг. Үнэндээ ч тэрбээр хэдэн засгийн нүүр үзэж, зөөлөн сэнтийдээ тухалсаар байна. Эрхэм дарга гуай Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед захирлаар томилогдон өдий хүрэхдээ үе үехэн албан тушаал нь ганхдаг ч өнө удаан оршин тогтнож дөнгөсөөр байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажлаа авмагцаа “Эрдэнэт үйлдвэр”-ийн удирдлагыг хариуцлагагүй ажиллаж байгааг мэдэгдэж, халаа сэлгээ хийх талаар хэдэнтээ онцолж байсан удаатай. Тэгвэл түүнийг ойрын хугацаанд нь тэтгэвэрт нь суулгахаар болжээ. Улмаар түүний суудлыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягт шилжүүлнэ гэх мэдээлэл байна.

Б.Ганхуягийн хувьд алдагдалтай ажиллаж ирсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг ашигтай ажиллуулж, иргэдэд хувьцааны ногдол ашиг өгөх хэмжээнд хүргэсэн гавьяатай. Шулуухан хэлэхэд, МАН-ыг болоод У.Хүрэлсүхийг олноос оноо авч, өндөр ялалт байгуулахад үнэтэй гавьяа байгуулсан нэгэн гэж тодотгож болно.

Мөн утааг бууруулах, цар тахлын үед нүүрсний тээвэрлэлтийг хэвийн үргэлжлүүлэх гээд амаргүй өдрүүдийн ард үр дүнтэйгээр зогсож чадсан нэгэн гэх тодотгол ч Б.Ганхуягийг дагалдах болсон. Ямартаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх Өмнөговь аймагт ажиллах үеэрээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг амаа олохгүй магтаж, байсан юм.

Тиймээс түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирлаар томилохоор болсон гэх яриа хөвөрч эхэллээ.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараахан “Эрдэнэт” үйлдвэрт онц байдал тогтоож, 49 хувийнхнийг хөөж гаргасан бөгөөд санхүүгийн олон баримтыг битүүмжилж, шалгалт оруулсан удаатай. Шалгалтаар ноцтой зүйлүүд гарсан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийнхэнд удаа дараа мэдэгдэж, зарим зөрчил дутагдлын талаар тодотгож байсан.

Мөн тус үйлдвэрийн удирдах ажилтнуудын хариуцлагагүй байдал ч удаа дараа хөндөгдөж байсан. Гэвч том амлалт өгч, араас нь түлхүүрдүүлэн байж Х.Бадамсүрэн Ухнаагийн хүүгийн ур омгийг дарж, өнөөгийн албан тушаалдаа үлдэж чадсан юм.

Түүний удирдлагын баг болох шинээр томилогдсон дэд захирлууд харагдах өнгөндөө үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнгийн "гарын" хүмүүс мэт ч үнэндээ түүнд “үүрэг” өгөх эрхмүүдийн утсан хүүхэлдэйнүүд байв.

Тухайлбал, Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Т.Батмөнх Х.Бадамсүрэнтэй нэг нутаг.

Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэгийн оронд томилогдсон Д.Үүрийнтуяа 2017 оноос Х.Бадамсүрэн захирлын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн. Ерөнхий захирал Х.Бадамсүрэн өөртөө зориулан есөн хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ажиллуулж, өндөр цалин өгч байна гэх шүүмжлэл хүчтэй өрнөсөн ч тэгсгээд өөр үйл явдлын дуулианд дарагдаад өнгөрч байв. Нөгөөтэйгүүр Д.Үүрийнтуяаг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болон Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын тавиул гэлцэх нь бий.

Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирал П.Энхбатын тухайд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн даргаар ажиллаж байв. Тэрбээр 2012 онд Багахангай дүүргийн Мах боловсруулах үйлдвэрийн захирлаар ажиллаж байхдаа 1.3 тэрбум төгрөгийн асуудалд орж, хуулийн байгууллагын хаалгыг багагүй хугацаанд сахиж суусан.

Харин 2016 оны сонгуулиар одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын сонгуулийн ерөнхий менежерээр ажилласныхаа дарааханд “Эрдэнэт үйлдвэр”-ийн охин компани болох “РСЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож байв. Гэвч түүнийг  шахаа хийсэн гэх асуудлаас үүдэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь талын шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн байдаг. Тэрбээр уг асуудлаараа шүүхдэж, улмаар эргэн ирэхдээ ийнхүү “Эрдэнэт” үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан дэд захирлаар томилогдсон юм.

Үйлдвэрийн Нийгмийн асуудал хариуцсан дэд захирал Д.Дэлгэрбаяр хуучин албандаа үлдсэн бөгөөд тэрбээр Орхон аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчийн сонгуульт ажилтай.

Ийнхүү багаа бүрдүүлсэн Х.Бадамсүрэнгийн “10 хуруу”-ны нэг Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нь дээр өгүүлсэнчлэн Ц.Бат-Энх, Д.Цогтбаатар нараас гадна Ц.Анандбазарын дэмжлэгтэй ганхашгүй нэгэн гэж байгаа.

Тэгвэл тавиулууд үлдэж, том дарга суудлаасаа сугарч, тэтгэвэртээ гарах бололтой.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү