АТГ яагаад Д.Оюунхоролыг дахин оролдох болов


2020-09-11 13:13:04

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн асан Д.Оюунхоролыг шалгаж эхэлжээ. Тэр бүү хэл, яллагдагчаар татсан гэх мэдээлэл бий.

Түүнийг өмнө нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний буюу 1.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шалгаж байв. Тодруулбал, Хилийн цэргийн 0151 дүгээр анги руу татсан "Гранд повер” компанийн хийж гүйцэтгэсэн 1.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 3050 метр шугамыг ашиглахгүйгээр, цэргийн ангийг төвлөрсөн дулаанд холбож, улсаас үр ашиггүй зардал гаргасан үндэлслэлээр яллагдагчаар татсан.

Мөн “Гранд повер” компанийн захирал Ж.Очир нь гишүүн авхайтай танилын хэлхээ холбоотой талаар ч мэдээллүүд хөвөрсөн. Гэвч дээрх мэдээллийн дараахан тэрбээр “Уг компанитай байгуулсан гэрээ хууль хяналтын байгууллагаар шалгагдаад хэрэгсэхгүй болж байсан. Намайг яллагдагчаар татсан нь худал мэдээлэл” хэмээн байр сууриа илэрхийлж байв.

Тэрбээр ийнхүү энэ оны эхээр тайлбар хийж байсан ч хоёр сарын дараа АТГ Д.Оюунхоролыг дахин яллагдагчаар татсан тухай мэдээлэл хөвөрсөн юм. Өөрөөр хэлбэл, хэрэгсэхгүй болгосон хэргийг дахин хөндсөн гэсэн үг.

Тэгвэл энэ удаад түүнийг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байх хугацаандаа пентхаус барих нэрээр төрийн албан хаагчдын мөнгийг залилсан хэргээр шалгаж байгаа аж. УИХ-ын сонгуулиар тойроггүй хоцорч, хашааны гадна гарсан Д.Оюунхоролыг АТГ юуны учир үе үе хөндүүрлүүлэх болов.

УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлал хариуцсан сайд байхдаа мөнгө болж болох бүхэнд гар дүрж, эрх мэдлээ урвуулан ашиглаж байсан тухай яриа тус яамныхнаас өнөөг хүртэл гарсаар байдаг. Эрх ямбаа хэтрүүлэн ашиглаж, эрх мэдэлдээ эрдэж байсан нь яриа төдийхнөөр ч зогссонгүй.

Ямартай ч энэ оны эхнээс тэрээр АТГ-тай муур хулгана болж эхлээд байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү