У.Хүрэлсүх: Бидэнд нэг вакцин бий. Тэр нь сахилга, хариуцлагын вакцин


2020-11-18 12:43:29

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын хүрээнд эдийн засгийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцсэн. Хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Коронавирус дэлхий дахинд хэрхэн хурдацтай тархаж байгаа, хүн төрлөхтөнд ямар аюул учирч байгааг иргэд  нийтээрээ мэдэж байгаа. Цар тахал сүүлийн хэдэн 7 хоногт улам эрч хүчээ авч, давалгаанууд өргөжин тэлж байна.

Манай улс өнгөрсөн 10 сарын хугацаанд төр засаг, мэргэжлийн байгууллагууд иргэдтэйгээ хамтран хичээн чармайж ажилласны үр дүнд дотооддоо халдвар алдалгүй барьж чадсан цөөхөн орны нэг байлаа. Гэвч цар тахлын бодит эрсдэл Монгол Улсад нүүрлэж, дотооддоо цар тахлыг алдлаа.

Юуны түрүүнд цар тахлыг таслан зогсоох зайлшгүй шаардлага үүслээ. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020.12.01-ний 06.00 цаг хүртэл сунгасан. Үүнтэй холбогдуулан салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангах ажлыг Засгийн газар, УОК хийж байна. Авч болох бүхий л арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлж байна.

Богино хугацаанд цар тахлыг зогсоох, хяналтад барьж авах нь чухал. Иймээс бүх нийтийн бэлэн байдлын хугацааг сунгасан.

Ард иргэд хүндхэн байдалд амьдарч байгааг Засгийн газар нэн ойлгож байна. Цаашдаа цар тахалтай хамтдаа амьдрах нөхцөл байдал үүслээ.

Өнгөрсөн 10 сарын хугацаанд Монголчууд нэг үгээр хэлбэл бүслэлтэд орсон байсан. Энэ хугацаанд бүсчлэн хамгаалах тулаан хийсэн. Гэвч өнөөдөр гардан тулаанд орж байна. Гэхдээ айж сандрах, уурлаж уцаарлах шаардлагагүй. Бид эв нэгдэлтэй байж, төрөөс гаргасан шийдвэрийг даган мөрдсөнөөр энэ тахлыг давж чадна.

Улаанбаатар, Сэлэнгэ аймагт голомт эхэлсэн. Мөн Дархан-Уул аймагт илэрч байна. Өнөөдрийн байдлаар нийт 30 хүн цар тахал авсан нь тогтоогдлоо. Иргэн Д-тэй холбоотой шинээр илэрсэн 15 тохиолдол батлагдсан.

- Сэлэнгэ аймагт 10

- Дархан-Уул аймагт 4

- Говьсүмбэр аймагт 1 батлагдлаа.

Эдгэрч гарсан 349 иргэн байна. ХӨСҮТ-д 114 хүн эмчлүүлж байна. Сэлэнгэ аймгаас ирсэн 74 настай эмэгтэйн бие хүнд байсан бол хүндэвтэр ангилалд орж байна.

Бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой 12.000 албан хаагч ажиллаж байна.

Нийт 90 цэгт халдварыг түргэвчилсэн оношлуураар авч байна. Төмөр замын дагуух иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Түргэвчилсэн оношлуураар 23500 иргэний шинжилгээг аваад байна.

Хүнс, эмийн хангамж хангалттай хэмжээнд бэлтгэгдсэн. Тиймээс их хэмжээгээр нөөцлөх шаардлагагүй. Мөн зохимол хомсдол үүсгэхгүй байх хэрэгтэй. Сахилга бат, дэг журмыг чангатгах зайлшгүй шаардлага үүсч байна.

Вакцин гаргах сайхан чимээ байгаа ч Монголд орж ирэхэд удна. Бидэнд нэг вакцин бий. Тэр нь сахилга, хариуцлагын вакцин" гэлээ.