Иргэддээ талхны мөнгө гаргаад өгөх чадваргүй Засгийн газар


2020-11-18 15:26:26

Цар тахлыг дотооддоо алдаагүй улсаар Монгол Улс дэлхий дахинаа шагшигдаж байсан нь саяхан. Тухайн үеийн Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл шуурхай шат дараатай арга хэмжээ авах асуудлыг Засгийн газар болон Улсын онцгой комиссын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж байсны үр дүн гэдэгтэй ч маргах хүн гарахгүй биз.

Гэвч өдөр өнгөрөх тусам цар тахал хилийн цаадах аюул мэтээр ойлгож, халдвар хамгааллын дэглэм дээд, доод бүх шатандаа алдагдав. Энэ хугацаанд УИХ болон Орон нутгийн сонгууль явагдаж, хариуцсан албан тушаалтнуудын орон зай эзгүйрч, дараагийн ээлж солигдох хийдэл гарсан ч гэж дүгнэж болно.

Гудамжинд масктай хүнийг адлах, нүд үзүүрлэх, гайхаж харах байдал ч бага багаар нэмэгдэж байв. Ийнхүү бүх шатандаа хариуцлага алдаж, хилийн цаадах аюул дотоодод алдагдав. Тэр даруй өнөөгийн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байгаа ч нэгэнт алдагдсан цар тахлыг тогтоон барихад хүндрэл бэрхшээл мундахгүй.

Гэнэтийн хөл хорио тогтоогдож, улмаар нөхцөл байдал хүндэрч 14 хоногоор сунгагдав. Цаашид ч сунгагдаж, бүр онц байдал тогтоох хэмжээнд хүрч мэдэхийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр онцлов.

Цар тахлаас улбаатай гэнэтийн хөл хорионы үед өдрийн орлогоороо бор ходоодоо борлуулдаг иргэд хэрхэн амьдрах вэ. Төр засгаас нөхцөл байдал эрсдэлтэй энэ үед иргэдээ хэрхэн хамгаалж, дэмжих вэ гэх асуултын хариултыг чих тавин чагнасанаар өнөөдрийг хүрэв.

Товлосон ёсоор Засгийн газар хуралдаж, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцуултал Долоонбуудлын Должин эмээгийн тухай яригдсангүй. Гутал тослож, үс засаж, таксинд явж ар гэрийнхээ амьжиргааг дээшлүүлдэг иргэдийн маргаашийн хоол, нөгөөдрийн амьжиргааны тухай дурьдагдсангнүй.

Харин ч эсрэгээрээ байгаадаа баярлаж, өгсөнд таларх гэх байдлаар Сангийн сайд хандав. Ч.Хүрэлбаатар “Өнгөрсөн хугацаанд авч хэрэгжүүлсэн арга хэмжээг олон улсын байгууллагуудаас сайшаасан. Хүүхдийн мөнгийг 5 дахин нэмэгдүүлсэн нь хамгийн нүдээ олсон шийдэл. Улсын төсөв бол мөнгөний уурхай биш. Одоо өгч байгаа халамж хангалттай” гэх нь тэр.

Иргэд нь өлсөж, өдрийн хоолоо хорио цээрийн үед хэрхэн зохицуулах вэ хэмээж байхад олон улсын байгууллагуудын сайшаалт хамаатай гэж үү.

“Монгол бол баян улс биш. Үүнийг иргэд мэдэж байгаа. Дэлхийн баян орнууд ч цар тахлын үед асуудлаа шийдэж чадахгүй байна. Хүн бүрт мөнгө өгөх боломж байхгүй” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлов.

Эмгэнэлтэй юм шүү. Цар тахлын үед иргэддээ талхны мөнгө гаргаад өгөх чадваргүй улсад амьдарч байна гэдэг.

УИХ-ын гишүүд нь дотоожтойгоо баталсан ирэх оны төсвөөс танаж, тэвчээд хойшлуулах боломжит хөрөнгө оруулалтууд их бий. Жишээ нь соёлын төвийн барилга байгууламж цар тахалтай энэ үед яаралтай барих шаардлагатай хөрөнгө оруулалт мөн үү гэдгийг Сангийн сайдаас лавламаар байна. Байгаадаа баярлах боломж, иргэдэд чинь алга.

Замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, иргэд такси үйлчилгээнд явах зэргээр ачаалал үүсгэж байна гэж Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генарал Г.Ариунбуян “зандарч” байна билээ. Маргаашийн хоолны мөнгөө олохоор аюул эрсдлийг үл ажран яваа нь тэр гэдгийг нэг ч удаа болтугай бодож үзсэн үү, Ерөнхий сайд аа.

Монгол Улс газрын баялаг, мал аж ахуйгаараа баялаг орон. Хөрш зэргэлдээ орондоо хэдэн мянгаар нь хонь бэлэглэж чадсан ард түмэн. Гэвч цар тахлаар бус талхны мөнгөгүйгээсээ өлбөрч үхэх нөхцөл байдал хотын захуудад бий болсныг очиж нэг хараарай.

Хүнсний талоны мөнгө өгсөндөө талархаж, чимээгүй гэртээ бүгэх боломж тэдэнд алга. Цар тахалтай нүүр тулан тулалдах чадвар байвч боломж нь алга гэдгийг дахин хэлье, энэ Засгийн газарт.