Эхлээд амьд үлд, дараа нь амаа билүүдье


2020-11-19 10:20:26

Коронавирусийн халдвараар дэлхийд 56.1 сая хүн өвчилж, 1.2 сая гаруй хүн эндэв. Энэ тоо өнөөдөр ч нэмэгдэнэ. Өдөрт л 450.000 гаруй мянган хүн энэ өвчнөөр өвчилж, 7000 орчим хүн нас барж байгаа учраас тэр. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд хүртэл цар тахлын өмнө хүчин мөхөсдөж, халдварын тархалтыг хумихын тулд өдөр, шөнийг үл анзааран бүх шатандаа ажиллах болсоор 10 гаруй сарын нүүр үзэв.

Коронавирусний үр дагаврын улмаас Нью-Йорк хотын оршуулгын газруудад ихээхэн ачаалал үүссэнтэй холбоотойгоор Бруклин дүүрэгт цогцос түр хадгалах газрыг шинээр ашиглалтанд оруулсан бол Испанийн Мадрид хотод халдварын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг мөсөн ордонд хадгалахаар болов. Эквадорын хоёр дахь хот болох Гуаякильд коронавирусийн улмаас амиа алдах хүний тоо  нэмэгдсэний улмаас авсны  хомстол үүсч, орон нутгийн иргэд картон хайрцаг ашиглан талийгаачийг оршуулах болсон талаар хотын удирдлагууд мэдэгдэж байлаа. Хотын гудамжаар хүртэл цогцос харагдах болсон тухай хэвлэлүүд бичиж байсан нь саяхан. Өдгөө ОХУ-д 1.9 сая хүн энэ өвчнөөр өвчилж, тархалт эрчимтэй хэвээр байна.

Монголд хэдийгээр дотооддоо халдвар бүртгэгдсэн ч азаар хүний амь нас эрсдээгүй. Гагцхүү богино хугацаанд, шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэн тархалтын хүрээг хумих, олон хүнд халдварлуулахгүй байх боломжууд бий. Одоогоор дэлхий дахинд коронавирусийн халдварын хүрээг хумих ганц шалгарсан арга нь хөл хорио тогтоох.

Гэвч хашигдсан мал шиг орилолдож, гарч орох ажилтай байна хэмээн шаагив. Юуны өмнө аминаас үнэтэй ажил гэж байх уу. Энэ асуултыг өөрөөсөө дахин нэг асуугаарай.  

Монгол Улс өнөөдөр үхэх үү, сэхэх үү гэх зааг дээр зогсож байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр мэдэгдэнэ билээ. Хэрэв амьд үлдье гэвэл УОК, Засгийн газраас гаргаж байгаа шийдвэрийг дагахаас өөр сонголт үгүй.

Мөн нийтээрээ эвтэй байж, энэ хэцүү цаг үеийг даван туулна. Хүнд үеэ давж, энх цаг ирсэн үед У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарыг муулж, элдвээр хэлж, хариуцлага нэхэх цаг хугацаа мундахгүй.

Хөл нь хоригдож, ам нь завтай боллоо гэсэн шиг албан даалгаварыг шүүмжилж, удирдлагуудынхаа гаргасан шийдвэрийг эсэргүүцэх өнгө төрх өнгөрсөн өдрүүдэд улам тодорно. УИХ-ын гишүүнээсээ татгалзан Д.Сумъяабазар хотын дарга болсон нь үнэн. Өмнөх жишгүүдээр бол шинэхэн хотын дарга танилцах аялал хийдэг хэдэн сарын хугацаа ч гэж энэ өдрүүдийг нэрлэж болох юм. Гэвч тэр амаргүй үед хотын даргын суудлыг сонгосон азгүй нэгэн. Тиймдээ ч түүнд танилцах аялал хийх цаг хугацаа тохиосорнгүй. Тэр өдөр, шөнийг умартан, шаардлагатай авч хэрэгжүүлэх арга хэмжээг цаг алдалгүй авахын төлөө ажиллаж байна. Нийслэлчүүдийн хүнсний хангамж, гэрэл цахилгаан, дулаан хангамж, түлээ нүүрс гээд шийдвэрлэх олон асуудал түүний толгойд буй. Амаргүй энэ цаг үед амиа хоохойлоод суух эрх түүнд байхгүй.

Өнөөдөр Хятад улс цар тахлыг бүрэн хяналтдаа авсан гэж хэлж болно. Тус улсын туршлага нь ердөө л хяналт. Өөрөөр хэлбэл халдвар авсан тохиолдлуудыг цаг тухайд нь олж тогтоох, шинжилгээ хийх, өвчтэй хүмүүстэй хавьтсан хүн бүрийг тусгаарласан явдал. Үүнд цаг огтхон ч алдаж болохгүй. Минут секунд бүр ач холбогдолтой. Учир нь цаг хугацаа алдах нь бүх нөхцөл байдлыг төвөгтэй болгож, улмаар вирусийг зогсооход улам бүр хэцүү болно. Шинэ коронавирусний өвөрмөц шинж чанар нь өвчтөнд анхны шинж тэмдэг илрэхээс өмнө бусдад халдварлах чадвартай байдаг. Үүнийг урьдчилан харах хэцүү байдаг учраас бүх хавьтлыг шалгаж байх ёстой.

Хэрэв эхний тохиолдол илэрмэгц 5 хоногийн хөл хорионд нийтээрээ орж чадсан бол халдвар нэмж тархах байсан уу, үгүй гэдгийг бодоход илүүдэхгүй биз. Өдгөө халдварын тохиолдлууд нэмэгдэж тэр хэрээр хавьтагчдын тоо өссөөр байна. Өчигдрийн байдлаар дотооддоо бүртгэгдэж батлагдсан тохиолдол 47 болов. Монгол Улсад нийт батлагдсан тохиолдлын тоо 473. Ердөө нэг өдрийн дотор 39 тохиолдол баталгаажлаа.

Монголчууд бид 3.3 сая. Муу ёрлож байж мэдэх ч хойд, урд хөрш шиг халдварын тархалт эрчимтэй байвал тэсч үлдэхэд амаргүй болов уу. Тиймээс эрсдэл өндөр байгаа энэ цагт эвтэй байж, холбогдох байгууллагуудын гаргасан шийдвэрийг даган биелүүлж, хүнд үеэ даван туулья. Түүний дараа амаа билүүдэж, хэнтэй ч ямар ч хариуцлага тооцсон оройтохгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү