Я.Содбаатар: Улаанбаатарт "түгжигдсэн" орон нутгийн иргэдийг буцаана


2020-11-22 17:13:55

УОК-ын даргын шуурхай хурал боллоо. Хурлаар салбар хариуцсан УОК-ын гишүүдээс цаг үеийн мэдээлэл сонсож, зарим асуудлыг шийдвэрлэлээ. Шуурхай хурлын дараа Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудаас ирүүлж буй тодорхой хэд хэдэн асуултад тайлбар мэдээлэл өглөө.

Шадар сайд, УОК-ын дарга Я.содбаатар  "Улсын хэмжээнд КОВИД19-ын халдвар авсан нь батлагдсан 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан байна. КОВИД19 голомтлон тархаад буй Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20442-т шинжилгээ хийснээс 5997 хүнд PCR шинжилгээг хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал байна. Зүүн хараад төмөр зам дагасан тархалтаас 2 халдварын тохиодол бүртгэгдээд байна.

Мөн бүсэд буюу Зүүнхараад 7000 гаруй самарчид ууланд гарснаас 1000 гаруй нь тус суманд уулнаас бууж ирсэн байгаа бөгөөд тэдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуурт хамруулж, улмаар PCR шинжилгээнд оруулснаар тухайн орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалтаар цагдаагийн хамгаалалтын дор буцаах ажлыг зохион байгуулахаар цагдаагийн албан хаагчид бүртгэл мэдээлэл цуглуулж байна. УОК хэд хэдэн чиглэлд салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил аргазүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн шуурхай бүлгүүд томилон ажиллуулж байна. Мөн УОК-ын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн эрдэмтдийн зөвлөх багийг байнгын ажилуулахаар өнөөдөр УОКын даргын тушаалаар байгууллаа.

Дархан-уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ аваад байна. Өрх бүрээс нэг хүн хамруулах байдлаар шинжилж байна. Бүртгэгдсэн халдварын тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон гэж үзэж байна. Дархан-Уул аймагт голомт байхгүй, төмөр зам дагасан хөдөлгөөнөөс үүдэлтэй хавьтлаас халдвар илэрчээ. Гэсэн ч хөдөлгөөний эрчим ихтэй, учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан байна. Орхон аймагт мөн төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир “Эрдэнэт” үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, 6000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж байна. Дорноговь, Говьсүмбэр аймагт УОК-оос генерал Ш.Лхачинжаваар ахлуулсан ажлын хэсгийг томилон ажилуулж, шуурхай удирдлагаар хангаж байна.

Одоогоор өдөрт автозамын боомтоор 150 гаруй ачаа тээврийн автомашин нэвтэрч байгааг бууруулахгүй, экспорт, импортыг хэвийн үргэлжүүлэх зорилго тавин БНХАУ-ын талаас тавьж буй шаардлагыг биелүүлж, жолооч, иргэд, боомтын ажилчдын аюулгүй байдлыг ханган ажиллахыг үүрэг болгож байнгын холбоотой ажиллаж байна.

Халдвар гарсан газар байршлуудад, байр орон сууц зэрэгт ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийхийг холбогдох газруудад УОК-иос дахин даалгалаа. Эмнэлгийн хог хаягдал тэрдундаа ХӨСҮТ-ийн хог хаягдлыг стандартын дагуу эрсдэл үүсгэхгүй устгах ажилд тусгайлан анхаарал хандуулж, БХБ-ын дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилон хяналт тавин ажиллуулж байна. Эмзэг бүлгийн иргэдэд хүнс, эрүүл мэнд, нийгмийн тулгамдсан асуудлуудад чиглэсэн нэгдсэн арга хэмжээг авч ажиллах ажлын хэсгийг ХНХ-ын сайдаар ахлуулсан ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. УОК-ын шуурхай бүлгийн хувьд шинээр бүрдэж буй мэдээллийн дата баазад үндэслэн дунд, урт хугацааны стратеги төлөвлөгөөг шинэчлэн гаргаж байна.

Дотоод дахь КОВИД19-ын халдварын тархалтын урьдчилсан зураглалд үндэслэн орон даяар халдвар тархаагүй байх нөхцөл ажиглагдаж буй учир иргэд олон нийт халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, аль болох бөөгнөрөл үүсгэхгүй, амьдралын хэвшил болгож чадвал харьцангуй богино хугацаанд халдварыг бүрэн амжилттай хумиж чадна гэж тооцож байна гэв.

Эцэст нь аймаг орон нутгийн Онцгой комиссын дарга нар нэгдсэн удирдлагаар ажиллах үүрэгтэйг УОК-ын дарга дахин сануулав. Улаанбаатар хотод болон орон нутагт гацсан иргэд, оюутнуудыг ойрын хугацаанд нэгдсэн бүртгэл мэдээлэлд хамруулж, PCR шинжилгээнд оруулж буцаах ажлыг зохион байгуулахаар боллоо. Шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэд орон нутагтаа очоод тусгаарлалтад орохгүй. Гэртээ тусгаарлалтын дэглэмийг 14 хоног мөрдөж, орон нутгийнхаа холбогдох байгууллагуудад ирснээ мэдэгдэж бүртгүүлэх үүрэгтэйг анхааруулав гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.