Барилга байгууламжийг мэрж идэх биш дээ, Ерөнхий сайд аа


2020-11-23 12:28:26

Зарим гишүүн дотоожтойгоо сууж байгаад баталсан ирэх оны төсөвт хэзээ тодотгол хийх вэ. Юуны түрүүнд хуулийн хугацаандаа багтаад баталчихья. Түүний дараа тодотгол хийе гэх байдлаар Сангийн сайд яаравчлан ирэх оны төсвийг түүхийгээр нь түлхүүрдэж, УИХ-ын дарга алх цохисноор асуудал өндөрлөсөн.

Ирэх оны төсвийг хэт өөдрөгөөр төсөөлж, эрсдлийг тооцолгүйгээр баталсан талаар эдийн засагчид ам уралдуулан шүүмжилж буй. Гэхдээ үүнээс илүүтэй цар тахлын үед авч хэрэгжүүлэх талаар бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед баталсан ирэх оны төсөвт үг, өгүүлбэр байхгүй.

Уг нь тэвчиж болох зардлуудыг хойш тавьж, иргэдийнхээ амьжиргаа, эдийн засгийн нөхцөл байдлыг авч үзэх тухай гишүүд асууж байсан ч дорвитой хариулт ч авч чадаагүй юм. Дэлхий дахинд эдийн засаг агшиж байхад эрх баригчид сонгуулийн үнэр ханхлуулсан төсвийг баталсан нь ч нууц биш.

Уг нь ирэх онд шинээр эхлэх 457 хөрөнгө оруулалтын төсөл бий. Санхүүжих дүн нь 384.7 тэрбум төгрөг. Үүнээс зарим нэг барилга байгууламжийг тэвчиж болохыг хэд хэдэн гишүүн сануулаад амжсан ч ажил хэрэг болж чадаагүй. Товчхондоо ирэх оны төсвийг Засгийн газраас оруулж ирсэн байдлаар нь, зарим нэг сэргэлэн гишүүний нэмэлт саналыг тусгасан төдий батлав. Төсвийн хуваарилалт тэгш бус байгаад УИХ-ын гишүүд хүртэл эмзэглэсэн.

Уг нь УИХ-ын гишүүдээс цалингаас гадна тусгагдсан 250 сая төгрөгийг хүртэл цар тахлын үед танах боломж бий. Харамсалтай нь, тийм шийдвэр гарсангүй. Энэ мөнгөнөөснөө цар тахлын үед татгалзах эр зоригтон ч гарсангүй, эрхэм гишүүдээс.

Бүх нийтийн бэлэн байдылн зэрэгт шилжиж, хөл хорио тогтоосон энэ үед иргэд, хувийн хэвшлээ дэмжих ямар бодлого, шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт нийгэмд байлаа. Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцсэн ч хүүхдийн мөнгөө ав, халамжийг тараалаа, хүнсний талоныг өгсөн тул байгаадаа сэтгэл хана гэх байдлаар хандав.

Монгол Улс баян биш тул үүнээс өөр боломж нөхцөл байхгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх, кабинетийнхнаа дэргэдээ суулгаж байгаад тунхаглана билээ. Хүүхэдгүй, хүнсний талонд хамрагддаггүй, өдрийн орлогоороо өрх гэрээ авч явдаг иргэн, тэг зогсолт хийсэн аж ахуйн нэгж яаж амьдарч, аж төрөх талаар Засгийн газар үнэндээ авч хэлэлцээгүй нь илт байв.

Ирэх оны төсвийг батлах үеэр гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Цар тахлыг хэдий хэр хугацаанд дарах эсэх нь одоогоор тодорхойгүй, таашгүй. Өр зээлтэй, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа нь зогссон, баялаг бүтээгчид нь санхүүгийн хүндрэлд орсон ийм нөхцөл биднийг угтах нь. Тиймээс нөгөө ярьж байсан ЖДҮ-ийг дэмжих, хөдөө аж ахуйгаа тэлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд төсөвт төдийлөн анхаараагүй. Үүнд цаашид ямар бодлогыг баримтлах вэ” гэх асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Ийм үед ЖДҮ-ийг дэмжих чиглэлд мөнгө тавих нь зөв үү гэдэгт би эргэлзэж байна. Яагаад гэвэл эдийн засаг хумигдах байдалд орвол ЖДҮХС-ийн зээл чанаргүйд орно” хэмээсэн юм.

Ижил үнийн дүнгээр дээгүүрээ хувааж авсан атал аж ахуйн нэгжүүдэд ЖДҮХС-гаас зээл олговол чанаргүй зээл олширно гэж айж суугаа Сангийн сайдтай байгаа нь ёстой л тавилан юм даа.

Шилэн Цогоогийн хэлсэнчлэн ирэх оны төсвөөс Хуульзүйн яамны хорихоос өөр төрлийн ял эдлүүлэхэд ашиглах цахилгаан гавны 6.5 тэрбум төгрөгийг, Хөшөөтийн хувийн уурхайд шахмал түлшний төсөл хэрэгжүүлэх 2 тэрбум төгрөгийг, Орхон аймгийн 10 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй 2021 онд 2 тэрбумаар санхүүжүүлэх Дижитал Эрдэнэт төслийн төсвийн хөрөнгийг хасах боломж бий.

Энэ мөнгөөр эмнэлэг, яаралтай түргэн тусламжийн салбартаа хөрөнгө оруулалт хийх, мөн иргэдийнхээ амьжиргааг дэмжих, тэг зогсолт хийсэн аж ахуйн нэгж байгууллагаа өндийлгөх боломж бололцоо хангалттай.

Ганц төсөв гэлтгүй төсвийн гадуур, төрийн өмчит компанийн мөнгө гэж нэг авдар бий. Хэрэв төрийн өмчит компаниудын зардлыг оруулж ирж, асуудлыг авч үзвэл гарах гарц мундахгүй. Хүүхдийнхээ сургалтын төлбөрийг, өрөөнийхөө тохижилтыг, хөл дүүжлэх унаагаа хэдэн саяар нь сэлгүүлж суудаг тэдний хөрөнгөнд цар тахлын үед гар дүрэх эрх Засгийн газарт бий бус уу. Гэвч энэ Засгийн газраас ийм сэтгэл гарах эсэх нь эргэлзээтэй.

Орон сууцны зээл төлөлтийн хугацааг 2021.07.01-н хүртэл хойшлуулж болохоор зохицуулсан талаар Ерөнхий сайд болоод Сангийн яам мэдэгдсэн ч арилжааны банкууд хүүгийн төлбөр хуримтлагдах болно гэдгийг анхааруулж эхлэв. Ийм байдлаар асуудлыг шийдэх нь шийдэл биш.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү