Коронавирусийн халдвараас ч аюултай улс төрийн цар тахал


2020-12-02 15:36:33

Монгол Улсад бүртгэгдсэн дотоодын халдварын батлагдсан тохиолдол 369 болов. Улсын хэмжээнд дотоодын болон зөөвөрлөгдөн батлагдсан тохиолдлын тоо 812 боллоо. Нийслэлээс гадна 6 аймагт халдвар голомтлон тархсан бөгөөд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, тархалтын хүрээг бууруулж чадсан хэмээн мэргэжилтнүүд онцолж байна. Гэвч тайвшрах болоогүй.

Монгол Улс түүхэндээ анх удаа бүх нийтийн бэлэн зэрэгт шилжиж байгаа нь энэ. Өмнө нь буюу 2008.07.01-нд сонгуулийн санал хураалтын дүнгээс улбаатай онц байдал тогтоож байснаас бус өнөөдрийнх нь шиг хөл хорионд нийтээрээ орсон удаагүй. Хэдийгээр үер, зуд, түймрийн гамшгийн үетэй нүүр тулж байсан туршлагатай ч цар тахлын үед авч хэрэгжүүлсэн ажил, арга барил гэж байхгүй. Тиймдээ ч барьц алдах, бодлого шийдвэрийн алдаа гарах байдал ажиглагдаж байгаа нь үнэн. Гэсэн ч иргэдээ цар тахлаас хамгаалж, эдийн засгийн хохирол багатай даван туулахын тулд өдөр, шөнийг үл ажран ажиллаж байгаа нь туйлын үнэн юм.

Хөл хорио тогтоосноор улсын болон иргэдийн эдийн засагт сөргөөр нөлөөлж, амаргүй өдрүүд үргэлжилж байна. Үүний хажуугаар явган улс төр өрнөөстэй.

“Цар тахлыг дотооддоо тараасандаа уучлал гуйж байна” хэмээн УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат чуулганы хуралдааны үеэр бөхийв. Эрх баригчдыг ичээх гэсэн эхний улс төр.

Ерөнхийлөгчийн зүгээс өрх бүрт 1 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх шаардлагыг Засгийн газарт тулгав. Ингэхдээ 200.000 төгрөгийг бэлнээр, 800.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авах ваучиртайгаар. Энэ мөнгийг гаргаж өгөх чадал болоод дараагийн үр дагавар нь Төрийн тэргүүнд тийм ч чухал зүйл биш. Чухамдаа дээрх саналыг нь эрх баригчид хүлээн авах эсэх нь ч хамааралгүй гэхэд болно. Магадгүй саналыг нь хүлээн авахгүй байх нь олон нийтээс оноо цуглуулж, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сунгааны сурталчилгаагаа болгоход томоохон түлхэц.

Засгийн газар Ерөнхийлөгчийн саналыг хүлээн авсан ч, аваагүй ч олон нийтээс шүүмжлэл хүлээнэ. Хэрэв саналыг нь хүлээн авч, өрх бүрт 200.000 төгрөг тараавал эдийн засгийн  хүнд нөхцөл байдалтай үед мөнгө хэвлэн тараасан ялтан. Бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өрдсөн гэмтэн ч болно. Өөрөөр хэлбэл, эрх баригчид ямар ч шийдвэр гаргасан улс төрийн хувьд ялгаагүй.

Үнэндээ цар тахлын үед талхны мөнгө гаргаад өгөх чадваргүй байгаа Засгийн газартай байгаа нь иргэдийн сэтгэлийг гонсойлгосон нь үнэн. Харин хажуугаар нь улс төрийн муужгайн гүйдэл хэрэггүй байв.

Дэлхий нийт цар тахалтай нүүр тулсан ч хөл хориог сулруулж, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгааг шагшиж, Монголын эрх баригчдыг буруушаана.  Хөл хориог сулруулсанаар халдварын тоо огцом нэмэгдсэн олон орныг нийтээрээ харж байна.

Монголын өнөөдрийн нөхцөлд хөл хориог шууд сулруулах нь халдварын тархалтыг нэмэгдүүлж, хүрээг хумихад хүндрэл бий болно. Халдвартай иргэдийн тоо нэмэгдэж, эмнэлгийн ачаалал хүчрэгдэхгүй. Энхийн цагт ачааллаа дийлдэггүй эмнэлгүүдийг тэр үед бараадаад ч нэмэргүй биз. Муугаар хэлбэл, Монгол Улс ёстой мөхөлтэйгөө нүүр тулахаас өөр сонголтгүй болно.

Засгийн газрыг огцруулахыг шаарсан улс төрийн хачир нь хотын дарга. Үгийн өө, үсний сэвийг нь андалгүй сэвж, огцрохыг шаардана. Хотын даргын үйл хөдлөл, оролцох салбар ихийг хэлэх үү. Дээр нь хотын гудамжны цэвэрлэгээнээс түлээ түлштэй хүртэл хутгалдах асуудал арвинтай. Нөхцөл байдал эрсдэлтэй байгааг мэдсээр атлаа үйлчилгээний газруудыг нээсэнгүй, пиво, вино худалдсангүй гэж хажуугаар нь түүнийг буруушаана.

Өчигдөрхөн автомат халуун хэмжигч төхөөрөмж байрлуулсан нь олонд адлагдах бас нэг шалтгаан болов. Олны хөлийн газар яваа хотын дарга коронавирусийн халдвараар өвчилсөн бол өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах чадваргүй гэж амаа билүүдэн, адлах байсан биз.

Өөрийнхөө хөрөнгөөр халуун хэмжигч авч тавьсан бөгөөд дахин 2 төхөөрөмжийг хувиасаа авахаар болсноо зарлана билээ. Гал дээр тос гэгчээр хотын даргын тайлбар бусдад өгөөш болохоос хэтэрсэнгүй. Удахгүй ирэх 2 төхөөрөмжийг Хангарьд ордон болон Нийслэлийн засаг даргын тамгын газрын байрны үүдэнд суурилуулахаар болсон нь сайшаалтай мэдээ байв. Гэвч хар шуурганд өртөж, хамхуул шиг сарнилаа. Уг нь өдөрт 30 мянган хүний халууныг хэмжиж, гадуур хувцастай нь ариутгах, халдваргүйжүүлэх өндөр хүчин чадалтай төхөөрөмжийг аж ахуйн нэгж байгууллагуудын үүдэнд байрлуулахыг хотын даргаас шаардсан бол аштай юу.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү