У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ өөгшүүлсээр байх уу


2020-12-03 10:51:23

“Эрдэнэс Монгол” компанийн захирлаар УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярвааг томилсон. У.Хүрэлсүх намдаа хувьсгал хийх үед эсэргүүд тооцогдох болсон тэрбээр энэ удаагийн сонгуульд өнжиж, албан тушаал авсан нь энэ.

Тэгвэл эл байгууллагын дэд даргын суудалд УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын нэр яригдаж эхлэв. ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авсан хэргээр дархан эрх, яамнаасаа салах шахсан түүх түүнд бий.

Өмнөх парламентад прокурорын байгууллагаас УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татах хэд хэдэн хүний нэр оруулж ирэхэд Л.Энхболд ч багтсан байв. Тухайн үед парламент руу оруулж ирсэн нэрсийг тухайн үед дэмжээгүй ч бүрэн эрх нь дуусмагц хуулийн байгууллагаас хэргийн хэлэлцэж, зарим нь ял сонссон. Харин УИХ-ын гишүүн асан Л.Энхболдын хэрэг хэрхсэн нь тодорхойгүй байгаа юм.

Түүний хувьд "Хасговь транс" хувьцаат компанид 950 сая төгрөгийн санхүүжилт олгох тушаал гаргахдаа албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал үүсгэсэн гэх тодотголтой хуулийн байгууллагад шалгагдаж байв.

Жилийн 315.9 сая төгрөгийн орлоготой хэмээн АТГ-т мэдүүлж байсан тэрбээр Өмнөговь аймгаас УИХ-д сонгогдон ажиллаж байв. ЖДҮ-тэй холбогдсон хэргийг нь хуулийн байгууллагаас шалгаж эхлэхэд “Би Тавантолгойн нүүрсний хулгайн хэргийг илчлээд баларч явна. Энэ төр шударга хүнд халтай юм байна. Эцэст нь өөрөө шоронд орох нь” хэмээх тайлбарыг хийсэн юм.

Юутай ч тэрбээр хуулийн байгууллагынхнаас мултарч, төрийн өмчит аж ахуйн нэгжийн дэд даргын сэнтийд тухлахаар тохироо хийж яваа нь энэ.

Намын дарга У.Хүрэлсүх хууль, шүүхийн өмнө бүгд тэгш эрхтэй байх ёстой бөгөөд хууль бус зүйлтэй хатуу тэмцэнэ гэж байсан ч ЖДҮ-чдээ албан тушаалаар урамшуулсаар өнөөг хүрсэн билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү