Японоос 233.0 сая ам.долларын зээл авахаар шийдвэрлэлээ


2020-12-03 16:42:51

Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Төсөл санаачлагчийн илтгэлийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Япон Улсын Засгийн газраас Монгол Улсад коронавируст халдвар (КОВИД-19)-ын үед Засгийн газраас авч хэрэгжүүлж буй эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулан эдийн засгийг тогтворжуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийг төсвийн дэмжлэг хэлбэрээр олгохоор шийдвэрлэсэн байна. Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичигт 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдөр, 2020 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зуржээ.

    Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас нийт 25.0 тэрбум иений (ойролцоогоор 233.0 сая ам.доллар) яаралтай тусламжийн зээлийн санхүүжилтийг олгох ба зээлийн эргэн төлөх хугацаа 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 4 жил, зээлийн хүү жилийн 0.01 хувь, урьдчилгаа шимтгэл 0.1 хувь,  санхүүжилтийн ашиглах хугацаа нэг жил байна.

  Энэхүү яаралтай тусламжийн зээл нь Монгол Улсын Засгийн газраас коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед эдийн засгийг идэвхжүүлэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, иргэдийн амьжиргааг дэмжих, орлогыг хамгаалах, нийгмийн хамгааллын арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлж төсвийн зарлагыг санхүүжүүлэх юм байна.

 Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Б.Энх-Амгалан танилцуулсан бөгөөд 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь соёрхон батлахыг дэмжжээ.

Төсөл санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж, Сангийн сайдаас хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр хөл хорионы дэглэмийг сулруулах, 12 дугаар сарын 11-ний өдрийг хүлээхгүйгээр халдвар хамгааллын дэглэмээ баримтлан зарим төрлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг явуулах асуудлыг шийдүүлэх хүсэлтээ танилцуулав. Энэ хүсэлтээ мөн бичгээр холбогдох газруудад хүргүүлж байгаа гэлээ.

    Хямралын үеийн менежмент бол боломжоор удирдах ёстой гэдгийг энэ үеэр Улсын Их Хурлын дарга хэлэв. Олон улсын туршлагыг Улсын Их Хурлын ПСХүрээлэн судалсан. Солонгос, Энэтхэг, Грек тэргүүтэй бусад улс орны парламент шилэн хаалтаар тусгаарлах хэлбэрээр хуралдаануудаа зохион байгуулж байгаа аж. Дэлхийн хэмжээнд, бүх улс орон эдийн засгийг уналтад оруулахгүйн тулд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд баримтлаж, аливаа төрлийн үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоогоо хангаж байна. Хүн хоорондын зай барих, амны хаалт тогтмол зүүх, шилэн хаалт хэрэглэх тэргүүтэй халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг Улсын Их Хурал чанд баримталж, жишиг болгон нэвтрүүлээд байна. Урьдчилан сэргийлэх, халдвар, хамгааллыг дэглэмийг үл хэрэгсэж байгаад цар тахлын халдвар дэгдвэл хэн хариуцах билээ. Нөгөөтэйгүүр, халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, хамгаалах дэглэмийг чанд баримтлаагүй шалтгаанаас бүх төрлийн үйл ажиллагааг хориглож байгаа, үүнээс үүдэх хохиролыг хэн хариуцах билээ гэдгийг хаа хаанаа бодолцож, хариуцлагатай байхыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар дарга уриаллаа.

 Гишүүн Т.Доржханд зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлээд коронавирусийн цар тахалтай эдийн засгийн хүндрэлтэй үед урт хугацаатай, бага хуүтэй зээлийг авч дотоодын эдийн засгаа сэргээх, зээлийг төслийн санхүүжилт гэхээсээ илүү төсөийн дэмжлэг байдлаар авах, хувийн хэвшил, жижиг дунд үйлдвэрлэлээ дэмжих, ажлын байрыг хамгаалахад анхаарч, олон улсын байгууллагуудтай яриа хэлэлцээр хийх, эх үүсвэрийг татах чиглэлээр Сангийн яам ажиллах шаардлагатай гэдэг саналыг хэлсэн. Гишүүн Б.Жавхлан энэхүү зээлээр ирэх оны бусад төрлийн зээлийн эргэн төлөлтийн санхүүжилт болгон ашиглах боломж бий эсэх, иенээр авч буй зээлийн эргэн төлөлтийг иенээр хийхдээ ханшийн зөрүүг хэрхэх талаар тодруулж, Сангийн сайдаас хариулт авав. Энэ удаагийн зээл зөвхөн коронавируст цар тахлын нөлөөллөөс ард иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалах чиглэлээр төсвөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг санхүүжүүлэх зорилгоор авч буй зээл гэдгийг тодрууллаа.

    Дараа нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 69 гишүүний 44 нь 63.8 хувийн саналаар дэмжин, Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай тусламжийн зээл”-ийн Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг баталлаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү