Хуурамч хаягнаас хувьсгал захиалах нь...


2021-01-20 10:56:43

Энэ ихэмсэг америк тэрбумтны албан тушаалаа авч үлдэх гэж сошиалаар турхирснаар Капитол хилл ордон руу олон нийт дайрч, таван хүний амь нас хохирсон. Америкийн Засгийн газар Вашингтон ДС хотод Үндэсний гвардийн 25 мянган цэргийн оролцоотойгоор хяналт тогтоохоос аргагүй болсон... бүрэн зэвсэглэсэн 22 настай Т.Тайгений хэлснээр тэд зэвсэгт жагсаалд нэг сарын турш бэлдсэн... Таван хүний аминд хүрч, Америкийг донсолгож, магадгүй өнөөдөр Жөү Байденийг тангараг өргөх үеэр энэ улсыг дэлбэрсэн байшин, эвдэрсэн гудамж, шатсан машин, үхсэн хүнээр дүүргэх байсан хамгийн том сошиал захиалга энэ байлаа.

Хамгийн эмгэнэлтэй нь бослого, жагсаал, цуст тэмцэл, эмх замбараагүй байдалд уриалж байсан 2.5 сая сошиал хаягны 75 хувь нь хуурамч, нэр нүүрээ нуусан нүүр хуудас байсан ба Д.Трампын сошиал орчин дахь бүх хаягийг хааснаар олонх нь чимээгүй болжээ. Үймээнд турхирсан хаштагийн хэрэглээ ч эрс хумигджээ.

Д.Трампын хаягийг хааж, янз бүрийн хуйвалдааны онолыг түгээдэг, эмх замбараагүй байдалд уриалдаг хаягуудыг богино хугацаанд цэгцэлснээр худал, ёс зүйгүй мэдээлэл хумигдсан байна. Д.Трампын дэмжигчид тухайн контентийн агуулгаас үл хамааран түүний жиргээг автоматаар дахин хуулбарлан түгээдэг болохыг судалгааны дүн харуулжээ. Үүнээс гадна эмх замбараагүй байдал, цуст мөргөлдөөнд дуудаж, худал мэдээлэл түгээдэг, ёс зүйгүй үг хэллэгүүд ашиглан жижиг алдаан дээр том цус урсгах гэж уриалдаг пост, контентуудын 20 хувь нь ердөө 20 хаягнаас цацагдаж, бусад нь хуулбарлан түгээж, давалгаалж байсан аж.

Шууд хуулбарлан тараах, турхирах, цацах үүрэгтэй хэдэн сая хаяг үүний цаана байсан нь ч тодорхой болсон байна. За тэгээд манайд ч бас Д.Трампыг дэмжигчдийн грүпп, клуб байгуулаад, жагсаал энэ тэр яриад байсан улс бий. Зориуд монголчуудыг эвдрэлцүүлэх, өдөөн хатгах зорилготой гаднын санхүүжилттэй сошиал хаягнууд ч анзаараад байхад айхтар нэмэгдсэн.

Бүрэн техникээр тоноглосон 800 хүн орж ирээд бүхэл бүтэн зочид буудал эзлээд суучихсан байсан даа. Монгол Улс олон улсын энхийг сахиулах конвенц, гэрээнд нэгдсэн, эвгүйтвэл цэнхэр дуулгатнууд орж ирээд зогсчихно, улсгүй, төргүй болох энүүхэнд шүү. Юутай ч өнөөдөр Жөү Байден Америкийн бүх мужуудыг төлөөлж буй 200 мянган хүний өмнө бус, 200 мянган тугийн өмнө тангараг өргөх нь.

Америкийн энэ жишээ монголчуудад ч хамаатай. Нэргүй, нүүргүй хаягийг амьд хүн, ачлалт эзэн, ардчилагч гэж итгээд нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж, нэгнийхээ аминд хүрэх вий дээ. Цаашлаад төргүй, улсгүй болох вий. Сошиал давалгаа зориуд гэмээр хэт томроод байвал сохрын газар буухдаа дарж ална!

Сэтгүүлч Р.Эмүжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү