Я.Содбаатар, Т.Мөнхсайхан нарын толгойг хэдий болтол илэх вэ


2021-01-20 12:32:51

“Энх саран” сувилалд халдвар хамгааллын дэглэм алдагдав. Тухайн сувиллын удирдлагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй. Тэдэнд хариуцлага тооцож, хуулийн байгууллагад хандсан.

Эмнэлгийн байгууллагууд халдварын голомт болж, эмч, эмнэлгийн ажилчид халдварт өртөж, хоёр ч хүн нас барав. Нас барсан иргэдээс коронавирус илэрсэн ч архаг хууч өвнөөсөө болж амиа алдсан. Халдвартай иргэн эмнэлгийн байгууллагад хандсанаас халдвар тархах эрсдэл бий болсон.

Авто тээврийн товчооны цаана эрүүл мэндийн байгууллагын тусламж авч чадалгүй нэг иргэн амиа алдав. Нийслэлийн онцгой комисс утсаа аваагүйгээс ийм харамсалтай явдал болсон.

Дөнгөж амаржсан эхээс вирус илэрч, тусгаарлав. Өвлийн хүйтэнд халад, гэрийн тавчигтэй зөөвөрлөсөн нь “Өргөө” амаржих газрын буруутай үйл ажиллагаа. Иймээс эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцно.  

Ийнхүү асуудал бүрт удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллаж байгаа Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар хариуцлагаас мултарч, бурууг бусад руу чихсээр өнөөдрийг хүрэв.  

Эцэст нь халдвар дотоодод бүртгэгдээгүй байхад бааз суурийг нь бэлдсэнгүй хэмээн өмнөх сайд руу хаягласан мессеж цахим орчинд өрнөж, олон нийтийн анхаарлыг өөр хүн рүү хандуулах оролдлого явагдаж байх жишээтэй.

Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэлийн удирдлага зохион байгуулалтын дор урд хөршид бүртгэгдсэн коронавирусийн халдварыг хилийн дээс алхуулалгүй 10 сарыг өнгөрүүлсэн. Сургууль, цэцэрлэгийн хөл хорио, олны эсэргүүцэл, шүүмжлэлийг сөрж Сар шинийн баярыг хориглох шийдвэр гаргасны үр дүнд цар тахлыг Монголоос тойруулж чадсан ч гэж хэлж болох талтай.

Улмаар энэ хугацаанд цар тахалтай нүүр тулах бэлэн байдал хангагдаж, эмнэлгийн байгууллагаад тоног төхөрөөмж, халдвар хамгааллын хувцас, хэрэгслээр хангагдаж эхэлсэн. Иргэд амны хаалт зүүж, гараа угааж хэвшихээс халдвар хамгааллын дэглэм мөрддөг болсон сайн талуудыг ч дурьдаж болно. Чухамдаа өмнөх сайдын тухайд үедээ цар тахлын бэлэн байдлын хөрс суурийг сайтар бэлдсэн хэмээн эрүүл мэндийн байгууллагынхан ярьдаг. Үүний үр нөлөөнд хоёр ч шатны сонгууль явагдаж, өнөөдрийн эрх мэдэлтнүүд ямбыг нь эдэлж, ялархаж суугаа гэлцэх нь бий.

Гэвч эрх баригчид ялалтын баяраа тэмдэглэж, найрын ширээний ард найрлаж суух зуур халдвар хамгааллын дэглэм алдагдаж, өнөөдрийн нөхцөл байдал бий болсон. Тухайн үед Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нартай хариуцлага тооцох учиртай байсан ч арга хэмжээ аваагүй.

ЖДҮХС-гаас хамаарал бүхий компани нь зээл авсан асуудлаар хариуцлага хүлээж, сайдын суудлаа хүлээлгэн өгч байсан Я.Содбаатарын "нүгэл" дараагийн Засгийн газар байгуулагдахад арилж, албан тушаал ахисан. Тэр өмнөх Засгийн газарт ч, өнөөгийн кабинетдаа ч гай тарьсаар байгаагийн илрэл энэ бус уу. Дотоодод халдвар хамгааллын дэглэм алдагдаж, цар тахал хүн амын дунд тархсантай холбоотой хилийн чанадаас иргэдээ авч чадахаа больсон нь энэ хүнтэй хамааралтай. Хилийн цаана Монголын олон иргэн цөхрөнгөө барж, зарим нь хүний нутагт амиа тавьж байна. Энэ бүхэнд Шадар сайд уучлал гуйсан. Тэр бүрт нь уучлалыг хүлээн авч хүлцэнгүй байсны гор өнөөдөр гарч байна. Дахин уучлал гуйх нь утгагүй сонсогдож байна. Уг нь улс төрийн соёл гаргаад хэдийнэ хариуцлага хүлээж, өөрөө өргөдлөө өгөөд явчихсан баймаар... Гэвч өөр хүнээс өө хайж, хариуцлагыг хар толгойноосоо зайлуулсаар сууна.

Уучлал энэ бүх

Дотоодод бүртгэгдсэн цар тахлын асуудлын хажуугаар Эрүүл мэндийн яаманд халаа, сэлгээ өрнөж, салбар нь  дотроо хөлөө жийлцэж хөдөлгөөнд орж эхэлсэн нь ч бий.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр салбарын сайдтайгаа үл ойлголцсон эрүүл мэндийн байгууллага эцэст нь халдварын голомтууд болж хувирав. Үнэндээ салбарын сайдын оновчтой бодлого, менежмент энэ салбарт үгүйлэгдэж байсан ч үр дүн гарсангүй. Залуу хүн, мэргэжлийн хүн гэх тодотголоор нь толгойг нь илж, үр дүн гарахыг хүлээж эрсдлийг иргэд үүрсээр өнөөдөртэй золгосон. Гэвч Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд цар тахлын үед авч хэрэгжүүлэх оновчтой бодлого, стратеги, эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа хүч, нөөцийг хуваарилах туршлага ч дутагдаж байна.

Ганцхан шөнийн дотор У.Хүрэлсүхийн тархийг угааж, Эрүүл мэндийн салбарын сайдын сэнтийд морилсон Т.Мөнхсайханд МАН хэзээ өрөө төлж дуусах вэ. Хатуухан хэлэхэд, эрсдэл аль шатанд хүрэхэд, хэдэн хүн үрэгдэхэд салбар хариуцсан сайдын суудал ганхаж, хариуцлага хэмээх зүйл яригдах вэ, Ерөнхий сайд аа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү