Л.Оюун-Эрдэнэ голлох шинэ Засгийн газар


2021-01-25 10:44:56

Өнөөдөр Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд тамгаа гардана. Чуулганы хуралдаан үдээс хойш товлогдсон бөгөөд Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг хэлэлцэн, томилох юм.

Үүнтэй зэрэгцэн дараагийн Засгийн газрын бүдүүвч зурагдаж байна. Хуучин сайд нараас улиран ажиллах сонирхол нь давамгайлсан олон хүн бий бөгөөд нөгөө далд дараагийн ээлж хоолондоо орохоор аяга, тавгаа бэлдэн, ширээний ард суухаар улайрч байна.

У.Хүрэлсүхийн Засгийн газраас улиран сонгогдох магадлалтай хэд хэдэн сайд буй. Тухайлбал, Ерөнхийлөгчийн тохиролцоон дээр орж ирсэн Х.Нямбаатар. Х.Баттулга, У.Хүрэлсүх нарын найрсаг харилцааны үеэр дэмжлэг хүлээж, Хууль зүй, дотоод хэргийн сайдад томилогдсон нэгэн. Шүүхийн тухай хуулиа танихгүй болтол өөрчлүүлсэн, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү “халдсан” гэх хар гуншин өнгөрсөн 5 сарын хугацаанд дагалдах болж. Хэдийгээр түүний оронд Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр гээд олон хүн яригдаж байгаа ч Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй наймаалцаж дөнгөвөл суудалдаа үлдэх магадлал нь өндөрсөнө. Эс бөгөөс нэр нь цуурайтах дараагийн хүмүүст зайгаа тавьж өгөхөөс өөр сонголтгүй.

Үндсэн хуульд заасны дагуу Засгийн газрын 4 гишүүн давхар дээлтэй байх боломжтой. Энэ хүрээнд Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллаж байгаа Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар улиран ажиллана гэх мэдээлэл бий.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, С.Амарсайхан нар давхар дээлтэй сайд нараар ажиллах магадлал өндөр байгаа юм. С.Амарсайханы хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар сонгогдох магадлал өндөр аж. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед салбар хариуцсан сайдаар нэрлэгдэж байсан ч хойш тавигдсан нэгэн. Хотын даргаар ажиллах хугацаандаа шаггүй сайн менежер гэдгээ бататгасан нэгэн гэж тодотгох нь бий.

Ж.Мөнхбатын хувьд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан туршлага дээр нь үндэслэн гал тогооны ахлахаар томилно гэх яриа байгаа ч энэ удаад салбар хариуцсан сайдаар дэвшүүлэх магадлал өндөр байна.

Харин хашааны гаднаас Ц.Нямдорж, Д.Зоригт, А.Цогцэцэг, Д.Оюунхорол гээд хорхойтнууд эрх мэдлийг атгагчдын гарт өртөхийн тулд арга сүвэгчлээд сүйд. 

Шинээр байгуулагдах Засгийн газар  өмнөх Засгийн газрын адил ерөнхий чиг үүргийн зургаа, чиглэлийн найман нийт 14 яам, 17 сайдтайгаар үйл ажиллагаагаа явуулна. Эдийн хөгжлийн яам байгуулна гэх мэдээлэл байгаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа асуудлыг авч хэлэлцэхээр болсон гэнэ.

Нам доторх фракциудыг баярын ширээний ард хэрхэн хуваарилахаас Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрх хэдийн хугацаанд үргэлжлэх нь тодорно. Өөрөөр хэлбэл, эхийг эцээж, тугалыг нь тураахгүй байх зарчмыг Л.Оюун-Эрдэнэ эс бөгөөс У.Хүрэлсүх хэрхэн зураглахаас хамаарч шинэ Засгийн газрын өнгө төрх илтгэгдэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү