Ерөнхийлөгч 3 хуульд хэсэгчилсэн хориг тавилаа


2021-01-25 11:53:57

Ерөнхийлөгчийн Тамгын газраас зарим хуульд Төрийн тэргүүн хориг тавьсан талаар мэдээллээ. Үүнд

  • 2021.01.14-нд Ерөнхийлөгчийн Тамгын газарт ирүүлсэн Авлигын эсрэг хуулийн тодорхой заалтуудад Төрийн тэргүүн хэсэгчилсэн хориг тавьжээ.
  • 2021.01.18-нд Шүүхийн тухай багц хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьжээ.
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьжээ.

Дээрх 3 хуулийн төсөлд ямар үндэслэлээр хориг тавьсан тухайд

  • Авлигын эсрэг хуульд тавьсан хоригийн үндэслэл нь

2005 онд Монгол Улс НҮБ-ын Авлигын эсрэг конвенцид нэгдсэн орсон. 2006.07 сард Авлигын эсрэг хуулийг баталсан. 2007.01 сард Авлигатай тэмцэх газрын байгуулж байжээ. Тухайн үед Авлигын эсрэг хуулийг баталж, АТГ-ыг байгуулахад байсан 7 гишүүн өнөөгийн парламентад бий гэнэ. 

Тухайн үед АТГ-ын удирдлагыг Ерөнхийлөгч санал болгож, УИХ-аар баталдаг байх зарчим баримталж байсныг энэ үеэр онцлов. Гэтэл өнөөдөр АТГ-ын удирдлагыг Ерөнхий сайд томилдог байхаар хуульчилсан нь үзэл баримтлал, үнэт зүйлээсээ ухарсан алхам хэмээн үзэж байгаа аж. Ингэснээр АТГ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг төдий болж хувирна хэмээн үзэж байгаа тул ийнхүү хориг тавихаар болжээ. 

Авлигын хэргийн нийт 80 орчим хувь ньтөсвийн хөрөнгөтэй харьцдаг, төсвийг захиран зарцуулдаг төрийн өмчит компани, түүнтэй холбоотой албан тушаалтнууд байгааг мөн энэ үеэр танилцууллаа. 

  • Шүүхийн тухай багц хуулийн төсөлд тавьсан хоригийн үндэслэл

Шүүхийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлахдаа тухай хуулийн төслөөр дамжуулан эрх баригч нам хэт олонхиор түрэмгийлэн шүүхийг нөлөөндөө автуулах зорилгоор батлагаажууллаа хэмээн үзэж байгаа аж. Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороог УИх-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг  санал оруулж, УИХ-аар томилдог байх болсон. Өөрөөр хэлбэл, шүүхийн байгууллага УИХ-аас шууд хараат болно.  Ингэснээр шүүхийн хараат бус байдал, бодлого, сахилга, хариуцлагад улс төрийн нөлөөлөл шууд оролцох, шүүхийн хараат байдлыг шууд алдагдуулах нөхцөл байдал үүснэ.

  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд хэсэгчилсэн хориг тавьсан үндэслэл

Бүх шатны Засаг даргад нэр дэвших эрх нь нутгийн өөрөө удирдах байгууллагын Үндсэн хуулиар олгогдсон, хэнтэй ч хуваалцахгүй дархан эрх байх ёстой. Харамсалтай нь, энэ хуулиар Ерөнхий сайд болон дээд шатны Засаг даргын өгсөн үүрэг даалгаварыг хангалтгүй биелүүлсэн гэж үзсэн бол Засаг даргыг огцруулахаар тусгасан. Өөрөөр хэлбэл, өөрийн таллаар хангалтгүй биелүүлсэн гээд шууд халж, солих үндэслэл бүрдэж байна. Энэ нь орон нутгийн иргэдийн сонгох, сонгогдох эрхэд ноцтойгоор халдсан үйлдэл.  

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү