Нөхөн сонгуулийн сураг буюу хоосон суудлын "эзэн"


2021-02-16 13:33:12

Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуулийг Ерөнхийлөгчийн сонгуультай хамтатган зохион байгуулахаар болсон билээ. Ингэснээр зардал мөнгө хэмнэнэ хэмээн эрх баригчид тооцоолсон. Өөрөөр хэлбэл, хоёр сонгуулийг хамтатган зохион байгуулсанаар 100 гаруй сая төгрөг зарцуулах аж. Ийнхүү гурван сарын дараа буюу ирэх зургадугаар сарын 9-нд Д.Сумъяабазарын оронд байнгын ажиллагаатай парламентын босго алхах эрхэм тодрохоор болсон юм.

Монгол Улсын парламентын түүхэнд есөн гишүүн нөхөн сонгуулиар сонгогдож байжээ. Тодруулбал, 1996-2000 оны УИХ-д Н.Багабанди Ерөнхийлөгчөөр сонгогдож, түүний оронд Н.Энхбаяр, нас барсан УИХ-ын гишүүн С.Гончигийн оронд Ц.Өөлд, М.Чимидцэрэнгийн оронд Д.Цэвээнжав, С.Зоригийн оронд С.Оюун сонгогдож байжээ.

Мөн 2000-2004 оны парламентад УИХ-ын даргаар ажиллаж байсан Л.Энэбиш нас барж, түүний оронд Б.Өвгөнхүү, М.Зэнээ агсны оронд Су.Батболд нар УИХ-д сонгогдож байсан түүхтэй.

Харин 2004-2008 онд УИХ-ын гишүүн Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож, түүний оронд М.Энхболд, О.Энхсайхан агсны оронд Ө.Энхтүвшин парламентын босго давжээ.

2008-2012 онд УИХ-ын гишүүн Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдож, нөхөн сонгуульд Д.Зоригт сонгогдсон бол 2012-2016 онд бүрэн эрхээсээ татгалзсан У.Хүрэлсүхийн оронд УИХ-ын гишүүнээр Д.Сарангэрэл “ажиллах”-аар болж байлаа.

Энэ удаад УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилогдож, түүний суудал эзгүйрсэн.

Хүн амын ихээр төвлөрч, гэр хороолол ихтэй Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас С.Мөнхчулуун нэр дэвшихээр зэхэж, намын гишүүнчлэлээ сэргээв. Сонгиночууд Ардын нам талдаа элэгтэй ч гэнэтийн сонголт хийх нь бий. Мөн нэг сонгосон хүндээ ихээхэн итгэл хүлээлгэж, улираан сонгох нь олонтаа.

Энэ удаагийн сонгуулиар улаан сарнайтай болгоныг сонгосон нь С.Мөнхчулуунд нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаалгасан бололтой. Түүний хувьд 2019 онд намын дүрэм зөрчсөн үндэслэлээр намынхаа хаалгыг савж байв. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшсэн билээ. Тэрбээр энэ удаад нөхөн сонгуульд хүч үзэхээр гишүүнчлэлээ сэргээж, намын дэмжлэгээр ялалт хүлээж, байнгын ажиллагаатай парламентын хоосон суудалд тухлахаар шийдсэн нь тэр.

Харин МАХН-аас Э.Батшугар нахина. Тэрбээр 2020 оны сонгуульд нэр дэвшиж 22.991 хүний санал авч, 4-т эрэмбэлэгдсэн билээ. Өөрөөр хэлбэл, Н.Учрал, Д.Сумъяабазар, П.Анужин нарын араас эрэмбэлэгдэж, хамрынхаа үзүүрээр таслуулсан юм. Хэрэв энэ удаагийн сонгуульд ялагдал хүлээвэл СӨХ-ын даргын сонгуульд нэрээ дэвшүүлэх үлдлээ гэх байдлаар хошигносон.

Хэрэв Э.Батшугар нөхөн сонгуулиар ялалт байгуулж дөнгөвөл МАХН парламентад 2 суудалтай болно.

Харин АН-аас Г.Очирбатыг нэр дэвшүүлнэ гэх яриа байгаа ч О.Магнай нэр дэвшинэ гэх мэдээлэл ч бий юм. Г.Очирбатын хувьд мөн энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн ч ялалт байгуулж чадаагүй. О.Магнайгийн тухайд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байсан ч ялагдал хүлээж, улмаар сонгуулийн үр дүнг эсэргүүцэж, жагсаал цуглаан зохион байгуулж байсан таагүй түүхтэй.  

Юутай ч нөхөн сонгуульд АН ихээхэн хүч хаяж, парламент дахь суудлаа нэмэгдүүлнэ хэмээж байгаа гэнэ. Талцал нь савнаасаа хальж өдгөө хоёр салаалаад байгаа тус нам ирэх сонгуулиар хүч хавсрах уу, эсвэл хавсайдаж нэгнийгээ унагах уу гэдэг нь сонин.



 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү