С.Ганбаатарын “ганган цагаан” буюу Ерөнхийлөгчийн “ивээлт” бүсгүй


2021-02-21 17:08:41

2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд МАН 62 суудал авсан, АН-аас 11 суудал, “Та бидний эвсэл”-ээс 1, “Зөв хүн электорат эвсэл” 1, бие даагч 1 тус тус сонгогдсон.

УИХ-д сонгогдсон гишүүдийн 25 нь эдийн засагч мэргэжилтэй бол 14 нь хуульч, 11 нь инженер, 7 нь сэтгүүлч, багш, улс төр судлаач тус бүр 3 гэхчлэн мэргэжил эзэмшсэн нөхдүүд бий.

Байнгын ажиллагаатай парламентын өндөр босгыг давсан нөхдүүдийн хэн нь хэн бэ гэдгийг цувралаар танилцуулж байна.

Сайхны өмнө харц буруугүй гэж сайхан үг бий. Тангараг өргөсөн эхний өдрөө УИХ-ын гишүүн С.Ганбаатартай тохой нийлүүлэн сууж, тэр бүү хэл харц шидэлцсэн агшин нь зураглаачийн дуранд өртөж, олны нүдийг хужирласан нэгэн бол УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн. “Босоо” Ганбааг төв талбайд өлсгөлөн зарлах үеэр эргэж очсон “сайхан сэтгэлт” нэгэн. Орчин үеийн хэллэгээр энэ парламентын “согоо” нь.

Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан А.Адьяасүрэн 2020 оны сонгуулиар Баянхонгор аймгаас сонгогдсон юм. Өнгөрсөн хугацаанд чуулганы хуралдааны үеэр фэйсбүүк ухдаг, УИХ дахь АН-ын бүлгийн илтгэлийг уншихдаа сандарч, ээрч будилж, зарим үгийг буруу зөрүү хэлсэн, төрийн түшээ атлаа “аминчхан” зан гаргаж “Баянхонгорынхонд” гэх байдлаар асуулт тавьж, асуудалд ханддаг гэх мэтээр олон нийтэд таагүй сэтгэгдэл төрүүлсэн нь элбэг.

Үүгээр үл барам авлигын асуудал арвин. Олны мэдэхээр “Номгон Санчир” жолооны курсийн эзэн тэрбээр 285 сая төгрөгийн авлигын асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаад удаж байна. Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.Насанбат “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа” гэсэн мэдээллийг өгч байсан удаатай.

Хэргийг тодруулбал, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн аж. Улмаар хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн нь тэр. Анх шалгагдаж байгаа гэх мэдээлэл гарах үеэр Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг “Peace tower”-ийн 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь баригдаж, нотлох баримттай учраас яллагдагчаар татагдсан гэж мэдээлж байв.

Үнэндээ халдашгүй дархан эрх, яамбатай түүнд хуулийн байгууллага халдаж зүрхлэхгүй өнөөг хүрсэн гэх мэдээлэл ч үе үе чих дэлсэх нь бий.  

А.Адъяасүрэн гишүүний жилийн орлого 800 сая, гэр бүлийн гишүүдийн орлого 18 сая төгрөг. 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэх амины нэг, нийтийн хоёр орон сууц, нэг хашаа байшин, үйлчилгээний зориулалттай нэг байгууламжтай. 220 сая төгрөгийн “Lexus 570” автомашинтай.

Мөн 100 сая төгрөгөөр үнэлэх өмчлөх эрхийн 270, 750 ам метр газартай бөгөөд 318.6 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Дотоодын банк, санхүүгийн байгууллагад 700 сая төгрөгийн хадгаламжтай. 800 сая төгрөгийн авлага, 160.2 сая төгрөгийн зээлтэй.  “Премиум кастомс” ХХК, “Тэнгри транс групп” ХХК, “Сан тээвэр групп” ХХК, “Ульгансар транс” ХХК, “Өлзийт зам трейд” ХХК, “Номгон Санчир групп” ХХК, “Топ транспорт” ХХК, “Топ капитал” ХХК, “Ти Эс Ти” мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, “ХАБ таны төлөө” ТББ-д хувь эзэмшдэг. 347467 ширхэг хувьцаа, тусгай таван зөвшөөрөлтэй. Бэлэг, үйлчилгээ, өв залгамжлал, хандив, туслалцаа, хөнгөлөлт бүхий 80 сая төгрөгтэй гэж хөрөнгө, орлогоо мэдүүлжээ. 

Түүхийн багш, сэтгэл судлаач мэргэжилтэй түүнийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэлцдэг. УИХ-ын гишүүнээр сонгогдохын өмнө орон тооны зөвлөхөөр нь ажиллаж байсан түүнийг У.Хүрэлсүхийн Засгийн газар чөлөөлөгдөх үеийн өмнөх жагсаалыг санхүүжүүлсэн гэх мэдээлэл ч хөврөх нь бий.

Дөнгөж амаржсан эх, нярайг тусгаарлахдаа хүнлэг бус хандсан Эрүүл мэндийн сайд, Шадар сайдыг огцруулах нь зүйтэй хэмээн төв талбайд болсон жагсаалыг Ерөнхийлөгч Х.Баттулга зохион байгуулсан хэмээн Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх чуулганы индер дээрээс мэдэгдэж байв. Харин санхүүжүүлэгч нь А.Адъяасүрэн гэх мэдээлэл дагалдсан нь түүний бэл бэнчинтэй нь холбоотой юу, эсвэл Төрийн тэргүүний “ивээл”-ийн хариулга болж хардлагад өртөв үү гэдэг нь оньсого хэвээр үлдсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү