Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдрөөс монголчууд шинэ, идэвхитэй амьдралын хэв маягт шилжиж байна


2021-02-23 11:35:07

Энэтхэг улсаас үнэ төлбөргүй бэлэглэж буй 150 мянган тун астразенека вакциныг өчигдөр өглөө хүлээн авсан бол орой нь БНХАУ-ын "Синофарм" компанийн үйлдвэрлэсэн 300.000 тун вакциныг гардсан.

Их Британийн Оксфордын их сургуулийн бүтээж, БНЭУ-д үйлдвэрлэсэн AstraZeneca вакцинд ДЭМБ-аас нийтэд хэрэглэх зөвшөөрлийг олгосон юм. Харин урд хөршийн үйлдвэрлэсэн вакциныг 3 дугаар сард бүртгэнэ гэх мэдээлэл бий.

Эхний тунг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улсын хоёрдугаар төв эмнэлэг дээр ирж, "AstraZeneca" вакцины эхний тунг хийлгэлээ. Вакцин хийлгэсний дараа тэрбээр "Элэг нэгт монгол ахан дүүсээ өнөөдөр 2021.02.23-ы өдөр. Шингэ Засгийн газар бүрэлдэж ажилдаа ороод 25 хонож байна. Өнгөрсөн 25 хоногт Засгийн газар олон улсын шилдэг туршлагад үндэслэсэн өнөөгийн Монгол Улсын нийгэм, эдийн засагт тохирсон шуурхай, системтэй, шинэ бодлогыг дэвшүүлэн амжилттай ажиллахыг хичээж ажиллаа. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг өнөөдөр цуцлагдлаа. Монгол Улс улаан бүсээс шар бүст шилжиж, нийт иргэд, аж ахунй нэгж, албан байгууллагуудын 95 хувь нь амьдралын хэвийн горимдоо шилжиж байна. Цар тахлын эсрэг үндэстнээрээ нэгдэн зогсож чаддагийн тод жишээг монголчууд хамтдаа бүтээж чадлаа. Хөл хорионы үед төр засгийнхаа шийдвэрийг хүндлэн тэвчиж, ойлгосон нийт ард иргэддээ, нийслэлчүүддээ талархлаа илэрхийлье. Мөн өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсэн төрийн албан хаагчиддаа баярлалаа.

Өнгөрсөн өдрүүдийн хөл хорио бидэнд дараах 3 үр дүнг өгсөн гэж үзэж байна.

  • Бид өвчний тархалтыг хумиж чадлаа. Нэг хаалга-нэг шинжилгээ цогц арга хэмжээний хүрээнд нэг өрхийг төлөөллүүлж 411.000 иргэнээс шинжилгээ авахаар төлөвлөсөн байсан ч 523.000 иргэнийг хамрууллаа. Энэ ажлын үр дүнд халдварын 122 тохиолдол 33 голомтыг  илрүүлж чадлаа.
  • Вакцинжуулалтыг эхлүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлж чадлаа.  Вакцинжуулалт эхлэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Энэтхэг улсын тэргүүнд хаягласан захидал чухал үүрэгтэй байсныг онцолж байна. Монгол Улс дархлаажуулалтын ажлыг эхлүүлсэн Ази тивийн эхний улсуудын нэг болж чадлаа. Оюун санааны хөрш БНЭУ-ын ард түмэнд баярлалаа. Цаашид вакцины хандивын болон худалдааны хэлэлцээр үргэлжилж байна. Вакцинжуулалтын ажил сайн дурын үндсэн дээр хийгдэнэ. 
  • Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх төлөвлөгөө хэрэгжих суурь нөхцөл бүрдлээ. Вакцинжуулалттай хамт эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх ажлыг эрчимжүүлнэ.

Өнөөдрөөс монголчууд шинэ, идэвхитэй амьдралын хэв маягт шилжиж байна. Өнөөдрөөс аж ахуйн нэгж байгууллага ганц өөрийнхөө бус эдийн засаг, иргэдийнхээ төлөө халдвар хамгааллын дэглэм баримталж, вакцинжуулалтад хамрагдаарай гэж уриалах байна" гэлээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү