Ерөнхийлөгчийн сонгуульд У.Хүрэлсүх, Х.Баттулга нараас өөр хувилбар бий юу?


2021-02-24 12:10:24

Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг 6 жилийн хугацаатайгаар сонгоно. Санал хураалт ирэх зургадугаар сарын 9-нд явагдана. Үүний наана буюу ирэх тавдугаар сард нэр дэвшигчид албан ёсоор тодорно.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулд УИХ-д суудалтай МАН, АН-аас гадна Хөдөлмөрийн үндэсний нам, МАХН нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй.

Одоогоор МАН-аас У.Хүрэлсүх сунгаанд яригдаж байгаа. Үүний төлөө тэрбээр бүх боломжоо дайчилж, арга ухаан сүвэгчилж суугаа. Тиймдээ ч Засгийн газрын тэргүүний албанаас буумагцаа Тусгаар тогтнолын ордны зүүн жигүүрийг эзэгнэж, сонгуулийн штабаа байгуулав. Хөл хорионы үед МАХН-ын дарга Н.Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай нууцхан уулзсан гэх мэдээлэл бий.

Амаржсан эхэд хүнлэг бус хандсан эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдын өмнөөс танхимаараа хариуцлага хүлээж огцорч байгаагаа мэдэгдсэн өдөр чуулганы индер ашиглан Ерөнхийлөгч Х.Баттулгад хатуу үг чамгүй олныг чулуудсан. Тиймээс хөшигний ард хэд хэдэн удаа уулзаджээ. Гэвч тийм ч таатай уур амьсгал бүрдээгүй гэнэ.  

Түүнчлэн хаврын чуулган эхэлмэгц Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа. Оны өмнөхөн гар дүрсэн дээрх хуулийг дахин шинэчлэхээр оруулж ирж байгаа нь “шинэ” Ерөнхийлөгчийн эрх мэдэлд зохицуулалт хийх гэж байгаатай холбоотой гэх хардлага байгаа юм.

Сүүлийн 3 ч удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн МАН энэ удаад ихээхэн хүч хаяхаар төлөвлөөд буй. Одоогоор У.Хүрэлсүх нэр дэвших өндөр магадлалтай. Гэхдээ түүнээс гадна УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Бат-Эрдэнэ гэх хувилбар хөшигний ард яригдсан байна.

Б.Бат-Эрдэнийн тухайд 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан ч нам доторх “хорломаа” нартаа дөнгүүлж, өвдөг шороодож байв. Туршлага мэдлэг чадвар гэхээсээ илүүтэй бөхөд хайртай түмнийхээ итгэл, сэтгэл дээр МАН “тоглолт” хийсэн гэхэд болно.

Н.Энхболдын хувьд нэр цэвэр нэгэн гэх тодотголтой ч дэмжлэггүй. Шулуухан хэлэхэд, хүрээлэл хомс. Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэх үеэр Н.Энхболдоос Төрийн тэргүүний сонгуульд нэр дэвших үү гэх асуултыг УИХ-ын гишүүн асан Л.Болд  асууж байсан удаатай. Тэр үед шууд үгүйсгэх эсвэл бататгах хариулт өгөөгүй бөгөөд “Хэн нэр дэвших тухай хэлэлцээгүй” гэх байдлаар өнгөрүүлж байв. Эр хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтана гэгчээр Төрийн тэргүүний сэнтий сэтгэлийн гүнд нь нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, У.Хүрэлсүх, Х.Баттулга нар сайхан харилцаатай байх үед Н.Энхболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж, Х.Баттулгад зөөлөн хоол хүртээх тухай яригдаж байсан гэдэг.

Харин АН-аас Х.Баттулга одоогийн хамгийн өндөр магадлал. Гэхдээ эргэлзээтэй. Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс түүний дараагийн нүүдэл тодорхой болно. Одоогоор АН-ыг зангидаж, нэр дэвших эрхээ баталгаажуулах бүхий л боломжийг эрэлхийлж буй. Үүний үр дүнд АН хоёр тамгатай, мөн тооны даргатай болсон.

Хэрэв Х.Баттулга биш бол З.Энхболд, Н.Алтанхуяг гэх хувилбар чих дэлсэв. З.Энхболдын тухайд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа УИХ-ын сонгуулийн өмнө хүлээлгэн өгч, АН-ыг ялалтад хүргэхийн тулд сонгуулийн штаб ахлахаар яваад “сураг алдарсан”. АН ч сонгуульд ялагдал хүлээсэн.

Баянгол дүүрэгт нэр дэвшээд ялагдсан, намын даргаар ажиллаж байхдаа өстөн олонтой болсон гээд З.Энхболд гэх хувилбар дэмжигдэхгүй байх магадлал хамгийн өндөр. Харин түүний оронд өөрийгөө Ерөнхийлөгчийн сонгуульд “нэр дэвшүүлсэн” Ц.Оюунгэрэл байх хувилбар бий. Гэхдээ эхлээд намын даргын сунгаанд ялалт байгуулна хэмээн Ц.Оюунгэрэл тодотгосон. Ийнхүү өөрийгөө олон нийтэд “тунхаглаж”, нийгэмд ил гарч ирснээрээ олноос дэмжлэг хүлээх магадлал өндөр ч эсрэгээрээ нийгмийн уур амьсгалыг танадаж С.Одонтуяаг сойно гэх яриа бий.

Н.Алтанхуягийн хувьд намаас нь хадаг бариад ирвэл уухайлан хүлээн авахаа хэдэнтээ илэрхийлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл түүнд санал ирээгүй. Нэгэн үе АН-ыг удирдаж, тэр бүү хэл, ялалтад хүргэж явсан гавьяатан. Бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан гээд мань хүнд намаасаа дэмжлэг хүлээх боломж өндөр. Гэхдээ нам доторх фракциудыг хайрцаглах шаардлага Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөс ч илүү адармаатай байж мэднэ.

Юутай ч АН-ын толгой улстөрчдийн насны наран хэвийж, омголон залуухан дарга нар нь сураг алдарсан эгзэгтэй үед ард олонд хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ лидер тодруулах кампанит  ажил алгуурхан явагдаж байгаа гэнэ.

МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшихээ илэрхийлээд байгаа. Гэхдээ Н.Энхбаяр эцэслээгүй. Тиймээс найдвар 50 хувь гэсэн үг. Хэрэв У.Хүрэлсүхтэй хийж байгаа тохироо амжилттай болвол С.Ганбаатарын мөрөөдөл салхинд хийснэ.

Хөдөлмөрийн үндэсний намаас Т.Доржханд, Д.Энхбат нарын нэр яригдаж байгаа. Ямартай ч энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч сойно гэдгээ мэдэгдсэн. Гэхдээ энэ нь МАН, АН-аас аль ашигтай хувилбарыг хүлээж байна гэх агуулгатай байхыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, боломжийг ашиглаж, загас шүүрэх оролдлого хийж байна хэмээн тоймчид дүгнээд буй. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү