Л.Оюун-Эрдэнэ: Богд уулын урд руу томоохон худалдааны төвүүдийг гаргана


2021-02-25 09:11:10

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аялал жуулчлалын салбарынхантай “Өглөөний уулзалт” хийлээ.

Энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улс далайд гарцгүй орны хувьд тээвэр ложистик чухал. Богд уулын урд руу томоохон худалдааны төвүүдийг гаргах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой. Энэ бодлогын дагуу бид ажиллаж байна. Мөн тээвэр ложистикийн чиглэлийн компаниудтай уулзах чиглэл барьж байна. Монгол Улс цаашдаа зөвхөн импортлогч биш экспортлогч улс болох чиглэлээр ярилцана.

Уул уурхайн хувьд илүү нэмүү өртөг шингээх талын бодлого баримтална. Нүүрсээ угаах, зэсээ боловсруулах энэ тал руу илүү ажиллана. Энэ бодлогыг эхний 10 жилд хэрэгжүүлж чадвал Монгол Улсын эдийн засаг одоогийн байгаагаас хэд дахин томрох орон зай байна гэж үзэж байгаа.

Аялал жуулчлалын тухайд Монгол Улсыг тойрсон буюу дараах улсуудад

  • БНХАУ 150 сая хүн
  • Япон 19 сая
  • БНСУ 28.6 сая
  • Турк 8.4 сая
  • Шууд нислэгтэй Герман улс 108 сая
  • ОХУ 42 сая
  • Казахстан 10 сая жуулчин аялж байна.

Манай улстай түүхээрээ холбогддог, шууд нислэгтэй улсуудын хувьд үзүүлэлт ийм байгаа нь Монгол Улсыг тойрсон маш том боломж бий гэсэн үг.

Ачлал жуулчлалын салбарыг эхлээд төр 100 хувь авч явж байсан. Үүний дараа төр огт  оролцохгүй хувийн хэвшлийнхэнд даатгаад орхисон. Харин өнөөдрөөс төр хувийн хэвшлийн түншлэлийн шинэ хуудсыг нээхийг хүсч байна. Иймээс энэ удаагийн хурал уламжлалт биш цөөн асуудлыг хэлэлцэн ажлын төлөвлөгөө гаргасан, шийдэл гарцтай байхыг илүүд үзэж байна. Цаашдаа аль болох зөвлөмж гаргадаг уламжлалт үр дүнгүй уулзалтуудаас татгалзаж, уулзалтаас нэг шийдвэр гарч, ажил эхэлдэг байх нь зүйтэй юм.

Засгийн газраас дундаж давхаргаа дэмжих бодлого барина. Аялал жуулчлалын салбарын орлого хүмүүст чиглэж очдогоороо онцлог. Иймээс манай улсад хөгжих бүрэн боломжтой. Нөгөө талаар маш үр өгөөжтэй салбар.

Манай аялал жуулчлалын салбарын хувьд агаарын тээвэр дээр сул байгааг судалгаанаас харж байна. Билетний үнэ, өрсөлдөөн, глобачлал, нээлттэй байдал сул. Мэдээлэл нэгдсэн урсгалд орж чадахгүй байна. Энэ нь компаниуд өөрсдөө марктинг хийж, дэлхий дахинд нэгдсэн нэг ойлголт, сурталчилгааг хийж чадахгүй байгаатай холбоотой.

Байгалийн нөөцийн хувьд боломжтой, сурталчилгаа их муу. Дэд бүтэц сул. Орон нутгийн нислэгтэй холбоотой асуудлыг зайлшгүй хийх шаарддагатай. Дэлхийн орнууд буюу Япон, БНХАУ, ОХУ,  Хятад энэ асуудлууд дээр цогц бодллго баримталж, шийдлээ гаргасан.

Монгол Улсын аймаг, бүс нутгийн онцлогоор нь асуудлыг авч үзвэл илүү зохимжтойг “Алсын хараа 2050” хөтөлбөрт тусгасан.

Жишээ нь, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийг өвлийн аялал жуулчлал, сэргээгдэх эрчим хүчний тал руу хөгжүүлэх нь зүйтэй. Хөвсгөл бол байгалийн аялал жуулчлалын бүс, Улаанбаатар хот соёлын аялал жуулаллын бүс гэдэг байдлаар харах нь зүйтэй юм.

Хөшигийн хөндийд морин спорт, казиногийн асуудлыг зайлшгүй хөндөх ёстой. Хэдийгээр шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулах ч хожмын нэг өдөр Монгол Улсад хэрэгтэй бол давс шиг үг хэлж, зоримог ажиллахаа илэрхийлсэн.

Аялал жуулчлалын салбарын хувьд 2020 онд цар тахалтай холбоотойгоор хүндрэл бэрхшээл тулгарч, нуруун дээрх ачаалал нэмэгдэж, 70.000 орчим ажлын байр шууд байхгүй болж, 130.000 орчим ажлын байр шууд бус утгаар эрсдэлд орсон гэдгийг статистик мэдээллээс харсан.

Хэдийгээр амаргүй өдрүүд үргэлжилж байгаа ч эргэн сэргэх боломж гарц, шийдэл олон байна.

Наадмыг дэлхийн фистиваль болгох зорилт бий. Энэ мэтчилэн ямар баяр, тэмдэглэлт өдрүүдийг дэлхийн дахинд сурталчлан таниулах, цар тахлын дараа аялал жуулчлалын салбарыг хэрхэн дэмжих ажиллах боломж, дэд бүтэц, бүс нутгийн онцлогийг хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцэж, богино хугацаанд буюу 2-3 сарын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргахыг хүслээ.

Вакцинжуулалт эхэлсэн. Хэрэв дархлаажуулалт амжилттай хэрэгжвэл хилээ нээнэ. Мөн гадаад худалдаа, дипломат уулзалтуудад уян хатан хандах бодлого баримталж байгаа гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү