МАН, МАХН нэгдэнэ хэмээх “МОЛИГО”


2021-03-01 12:26:42

Жил бүрийн өдийд МАН, МАХН нэгдэнэ гэх яриа гарах болсоор 10 жилийг үдэв. Өнөөдөр ч энэ асуудал эцэслэгдээгүй. Цаашдаа ч энэ асуудал эцэслэгдэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, хэн нэгнийх нь эрх ашиг хангагдаж, нөгөө нь толгой бөхийсөн цагт угшил нэгтэй хоёр нам нэг хөнжилд багтана.

УИХ дахь бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАХН-тай нэгдэх асуудал олон ч удаа яригдаж байсан. Өнөөдөр ч гэсэн яригдаж байгаа. Шийдсэн зүйл одоогоор байхгүй. Цаашдаа ч цаг хугацаа орох байх” гэлээ.

Хоёр намын нэгдлийн тухай асуудал шинэ зүйл биш. 2013 онд ч энэ яриа улс төрийн хүрээнд хүчээ авч, тухайн үеийн МАН-ын дарга Ө.Энхтүвшин Н.Энхбаяртай Сар шинээр золгон, уг асуудлын талаар ярилцаж байв. Н.Энхбаяр гэх тодотголтой “Шударга ёс эвсэл” парламентад бүлэг байгуулах хэмжээний суудалтай байсан үе.

Мөн 2016 оны сонгуулийн өмнө “нэгтгэл”-ийн асуудал дахин эрчимжиж, “Эх орончдын өдөр”-ийг хамтран тэмдэглэж байлаа. Гэсэн ч тэд өнөөдрийг хүртэл нэг талдаа гарч чадаагүй.

Өнгөн дээрээ үзэл баримтлал, үүх түүх нэгтэй улс төрийн намууд нэгдэж, үйл хэргээ эвцэлдүүлэх учиртай хэмээх боловч үнэн хэрэгтээ өнгөрсөн өдрүүдэд хоёр намын нэгдэл нэрийн дор байгуулагдсан ажлын хэсэг албан тушаалын тохироо хийдэг жишиг тогтсон. Өдгөө Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх улс төрийн тохироо явагдаж байна.

Парламентад ганц суудалтай МАХН-ын дарга Н.Энхбаяр Засагт зайдагнах сандал гаргаж өгөхийг У.Хүрэлсүхэд тулгав. Эс бөгөөс Төрийн тэргүүний сэнтий рүү үргэлж хараагаа чилээх болсон С.Ганбаатарын жолоог сул тавихаа мэдэгдэв. Түүнчлэн Э.Батшугарыг Сонгинохайрхан дүүргээс сонгогдоход МАН идэвхийлэн ажиллах учиртай гэнэ.

С.Ганбаатар, Н.Энхбаяр нарын харилцаа тийм ч таатай бус байгаа. Үнэндээ Н.Энхбаяр тойрон хүрээлэгчиддээ таатай харьцдаггүй нь О.Баасанхүү, Г.Шийлэгдамба нарын жишээнээс бэлхэн. Энэ удаад С.Ганбаатартай үг, үйлдлийн зөрүүтэй болж, зөрчилдөж эхэлсэн. Түүнчлэн хоёр намын нэгдлийг С.Ганбаатар ташаахгүй байгаагаа илэрхийлж, сул гишүүн болно гэдгээ чангахан хэлсэн сураг бий. Гэхдээ С.Ганбаатарын хүзүүнээс уясан уяагаа Н.Энхбаяр тийм ч хялбар суллахгүй. Тиймээс түүнийг сайдын суудлаар уярааж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тактикийг МАН-д тулгасан бололтой.

Нэгэнт Н.Энхбаярыг урьж, Ерөнхийлөгчийн сонгуулиар ашиглах саналыг гаргасан У.Хүрэлсүх ч хүлээж авахаас аргагүй болсон хэмээн 100-н жилийн ойгоо тэмдэглэж буй намынхан нь өөр зуураа хуучилна. “Эх орончдын өдөр”-өөр олон нийтийн өмнө ил гарч, Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөх байдал өнө удаан жил үргэлжилж, хөшигний ард тохироо явагдсаар байх биз.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү