Н.Алтанхуяг: Цэрэгт хүүгээ явуулсан ээж, аав уйлж байхад ХЭҮК-ийн гишүүд орон тоо нэмэх тухай ярьж байна


2021-04-01 11:48:07

Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хуулийн төслийг байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр ХЭҮК-ийн гишүүний тоог нэмэгдүүлэх асуудлыг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Н.Алтанхуяг нар дэмжээгүй байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад хүний эрх алхам тутамд зөрчигдөж байгааг хэллээ. Мөн Хүний эрхийн үндэсний комисс муу ажиллаж байгааг тодотгож, зоригтой, шийдэмгийг байхыг анхаарууллаа.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Манайд хүн дутаагүй. Зориг, шударга ёс дутаад байна. Түүнээс биш хүний тоо дутаагүй. 5 хүний бүрэлдэхүүнтэй Үндэсний комисс байгуултал Хүний эрхийн хамгаалагчийн тухай хууль гээд 7 хүн, орон тооны бус баахан юм гаргаж  ирдэг. Энэ хууль батлагдсантай холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссийн 5 гишүүний тоог нэгээр нэмэгдүүлье. Тэр 1 гишүүн нь хүний эрхийн хамгаалагчийнх нь асуудлыг хариуцна гэж солиотой юм ярих. Өөр хийх ажил алга уу. ХЭҮК-ийн гишүүд сонгогдсоноосоо хойш юу хийв. Хүний эрх ил цагаан зөрчигдөж, бөөн юм болж байна.

Цэрэгт хүүгээ явуулсан ээж, аав уйлаад сууж байна. Та нар энд орон тоо нэмэх тухай яриад сууж байна. ХЭҮК-ийн гишүүдийг сонгогдоход зүрх зоригтой хүн энэ ажлыг хийнэ шүү гэж сануулж байсан. Та нар шиг цаас эргүүлж, орон тоо нэмж, сандал суудалтайгаа зууралдсан хүмүүс ажил хийдэггүй юм. Та нар ажлаа хий. Сандал ширээ, өрөө тасалгаагаараа эргэлдсэн хүмүүс. Хүмүүс хүүхдээ цэрэгт явуулахаас эмээж байна" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "ХЭҮК-ийн гишүүний орон тоог нэмэх шаардлагагүй. Хуулийн төслийг анх өргөн барихад байгаагүй зүйлийг ажлын хэсэг дээр оруулж ирчихээд зүтгүүлээд байх юм. Хүний эрхийг хамгаалахад хүний орон тоо дутаагүй шүү" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү