Х.Нямбаатар: Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай


2021-04-01 14:51:38

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэв.

ДЭМБ-аас гаргасан судалгаагаар нэг хүнд ногдох согтууруулах ундааны хэмжээ 6.2 литр байх нормтой бөгөөд хэрэв 8 литрээс дээш гарсан тохиолдолд тухайн үндэстэнд аюул учирсан гэж үздэг байна. Гэтэл Монгол Улсад 2019 онд 18-аас дээш насны нэг хүнд 8.5 литр архи, дарс, 28.5 литр шар айраг ногдож байгаа нь аюултай түвшнээс давсан үзүүлэлт аж.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Монгол Улсад үйлдэгдэж байгаа гэмт хэргийн ихэнх нь архи, согтууруулах ундаанаас үүдэлтэй. Тиймээс архидан согтууралтыг энэ хуульд хатуу байдлаар оруулах хэрэгтэй. Төрт улсыг үндэслэсэн эрхэм хүн Чингис хаанаар нэрлэсэн архи үйлдвэрлэж байна. Төрийн сүлд, соёмботой архи үйлдвэрлэж байна. Эцэст нь хог дээр хаяж байна. Энэ бүххэнд зохицуулалт хэрэгтэй" гэв.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Хоёр жилийн өмнө Монголын 350 залууд архийг задлах дөрвөн төрлийн генийн судалгаа хийхэд найман хүний нэг нь өндөр градустай архийг төрөлхийн задалж чадахгүй гэсэн судалгаа гарсан. Тухайлбал дөнгөж эхний хундага уугаад нүүр царай нь улайдаг, эсвэл зүрх нь дэлсэж дотор муухайрна гэдэг нь өндөр градустай архийг задалж чадахгүй гэсэн үг. Тиймээс донтох өвчин тусах магадлал их өндөр болж байгаа юм. Зөөлөн архины хэрэглээг нэмэгдүүлэх чиглэлд бодлогоор дэмжих нь чухал. Иймд уг хуулийг хэлэлцэх явцад шинжлэх ухааны өгөгдлүүдийг илүү оруулж, донтох өвчнөөс сэргийлэхдээ зөвхөн үйлдвэрлэл, хэрэглээнд хяналт тавихаас гадна албадан эмчилгээнд анхаарч ажиллах нь чухал " гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн  "Нийгмийн эмгэнэлт үзэгдэлтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтыг бий болгож байгаа учраас хуулийг дэмжиж байна. Хуульд чухал заалтууд орсон байна. Архинд донтох өвчтэй хүмүүсийг албадан эмчлэх тухай асуудал байна. Албадан эмчлэх зардлыг бүрдүүлэхийн тулд тусгай сан байгуулах нь зөв. Хэрвээ албадан эмчилж байгаа юм бол албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Ажлынх нь хөлсөөр эргээд эмчилгээний зардлыг суутгаж авдаг  зохицуулалтыг хуульд оруулмаар юм. ДЭМБ-ын судалгаагаар дэлхийд жилд манай улсын хүн амтай тэнцэхүйц гурван сая гаруй хүн архинаас болж нас барж байна.

Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 50 гаруй хувь нь тасартлаа архи ууж үзсэн гэсэн байдаг. Олон судалгааны үр дүнгээс хараад байхад нийгмийн энэ эмгэнэлт үзэгдэлтэй дорвитой тэмцэхгүй бол болохгүй болсон. Төрийн тусгай албан хаагчдыг архинаас хол байлгах эрх зүйн зохицуулалтыг тусгайлан тусгах шаардлагатай" гэсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гишүүдийн асуултад хариулахдаа "Монголд насанд хүрсэн хоёр эрэгтэй тутмын нэг нь архины хамааралтай байгаа судалгаа бий. Ингээд тооцвол архидан согтуурах донтой 10 мянга гаруй хүн байна. Архи үйлдвэрлэгч нь тухайн бүтээгдэхүүнийг оюуны өмчид бүртгүүлсэн байдаг юм билээ. Төрийн бэлгэ тэмдэг, түүхэн хүний нэрээр нэрлэсэн архи үйлдвэрлэхгүй байхад хуулийн зарим зорилго оршиж байна. Одоогоор 10 мянга гаруй иргэнд албадан эмчилгээ хийх шаардлагатай. Үүнээс гадна мансууруулах болон тоглоом зэрэг хэд хэд зүйлийн донтой хүн СЭМҮТ-д эмчлүүлж байна. Донтох өвчний эсрэг Засгийн газрын сан байгуулах хэрэгтэй.

Тусгай сангийн зориулалт бол эмнэлэг барьж байгуулахаас эхэлнэ гэж бодож байна. Эмчилгээ нь үргэлжилсэн цогц хөтөлбөртэй явагдана. Тухайн хүмүүсийг эмчилнэ, эрүүлжүүлнэ, нийгэмшүүлнэ, сургалтад хамруулж, ажлын байртай болгоно. Өөрөөр хэлбэл архинд донтох өвчтэй хүмүүст төр хүмүүнлэг хандах цаг нь болсон. Ажлаа хийж байхдаа согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүст оногдуулах хариуцлагыг чангатгах нь зөв. Энэ тал дээр хуулийн төсөл санаачилвал хамтран ажиллахад бэлэн байна" хэмээн хариуллаа.

Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих томьёоллоор санал хураахад гишүүдийн 62.3 хувь нь дэмжлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү

зочин 2021-04-02 23:27:24-д бичсэн холбогдсон IP хаяг: 64.119.20.52
Нямбаатарын танилууд ямар муухай архичин гарууд вэ.