Т.Доржханд: С.Ганбаатар, Сү.Батболд хоёроос болж "Рио Тинто"-той хийх хэлэлцээр өөрчлөгдөнө


2021-04-01 16:07:11

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюу Толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюу Толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсохоор болов.

Гэхдээ хуралдааныг хаалттай явуулж байр сууриа нэгтгэх талаар байнгын хорооноос санал гаргав.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Оюутолгойн гэрээг сайжруулах асуудал 2009 онд батлагдсанаас хойш байнга яригдаж эхэлсэн. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны төрийн бодлогод тулгуурлана, байгалийн баялгийн өгөөжийн дийлэнх нь Монголын ард түмэнд ногдох ёстой гэж тусгасан. Үүнтэй холбоотойгоор Оюутолгойн асуудал сүүлийн үед эрчимтэй яригдаж байгаа. УИХ-ын 92 дугаар тогтоол гарч Оюутолгойн гэрээг сайжруулах, Монголын ард түмэнд ногдох өгөөжийг дээшлүүлэх тал дээр дорвитой ажлууд хийгдэж байна. Үүнтэй холбоотой Олон улсын арбитер дээр маргаан гарч, УИХ-аас түр хороо байгуулагдсан. Засгийн газар ажлын хэсэг байгуулсан. "Рио Тинто"-оос Дубайн гэрээг цуцлах асуудлаар ажлын хэсэг ирээд байна. Түр хороо өнгөрсөн даваа гарагт байгуулагдсан. 20 гаруй асуудлаар чиглэл өгсөн. Энэ чиглэлийг нууцын горимоор өгч, хэлэлцээр хийх талдаа мэдэгдэхгүй байх тактиктай. Тиймээс асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргаж байна. Түр хороо болон Засгийн газрын ажлын хэсгийн байр суурь зарим зүйл дээр зөрчилдөж байгаа. 92 дугаар тогтоолын хүрээ хязгаарыг давсан зүйл бий. Иймээс дахин дахин хуралдаж байхаар нэг мөр байр сууриа нэгтгээд ойлголцоод авья" гэв. 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хуралдааныг нээлттэй явуулах нь зүйтэй. Оюутолгой төсөл бол Монголын ард түмний олон жил ярьж, хүлээсэн. Гэрээг сайжруулахын төлөө сүүлийн 12 жил улстөрч болгоны амнаас энэ тухай үг унасан. Ажлын хэсэг ярилцаад гэрээ, хэлэлцээрийн урьдчилсан нөхцөлийг тохирсон байгаа. Түр хорооны саналыг дэлгэрэнгүй ярилгүйгээр нэг л зүйлээр чиглэл өгөх хэрэгтэй. УИХ-ын 92 дугаар тогтоолыг энэ чигт нь хэрэгжүүлэх үү, эсвэл өөрчлөх үү гэдэг агуулга ярина. Түүнээс биш хэлэлцээрийн зүйл заалт бүрийн талаар нэгбүрчлэн яривал ойлгомжгүй байдал бий болж, олон түмэнд хардлага төрнө" гэв. 

Түр хорооны дарга Ц.Даваасүрэн: Түр хорооноос УИХ-ын гишүүдийн гаргасан чиглэлд хэлэлцээрт орох гэсэн агуулгаар нууцын горимоор хүргүүлсэн. Энд яригдаж байгаа асуудал нь манайд хохиролтой гээд байгаа заалтууд. Хэлэлцээр эхлээгүй байгаа. Хаалттай горимоор асуудлаа хэлэлцвэл зүгээр. Хэлэлцээрт юу шийдэх, ярих ёстой талаарх саналууд байгаа. Дубайн гэрээг цуцаллаа гэхэд бусад агуулгууд тэр чигтээ цуцлагдах уу гэх агуулга багтаж байгаа. Нэг мөр асуудлаа эцэслэхгүй бол олон нийт нэг хэсгийг нь үлдээх нь, УИХ их юм шаардаж, Засгийн газар хүлээж авахгүй нь гэсэн хардлага бий болох нь. Боломжтой бол хаалттай хуралдаж, түр хорооны саналыг сонсох хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  Х.Нямбаатар сайдын танилцуулгад түр хорооноос ирүүлсэн 20 гаруй чиглэл нь УИХ-ын 92-р тогтоолтой зарим талаар нийцэхгүй байна гэж хэллээ. Нийцэхээргүй зүйл нэг ч байхгүй. Бүх агуулгаараа багтаж байгаа. УИХ-ын 92-р тогтоол нь 7 заалттай. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Анхаарлын төвд байгаа маш чухал асуудлаар мэдээлэл сонсч, хэлэлцэх гэж байна. Тийм учраас нухацтай  ярилцах ёстой. 2015 оны хавар тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Дубайд очиж гэрээ байгуулсан. Үүнээс үүдэлтэй олон асуудал үүссэн. Тухайн үед миний бие МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Эхнээс нь шүүмжилсэн байр суурьтай байсан. Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах асуудлыг ярьж, өөрийнхөө зарчмын байр суурийг илэрхийлж байсан. Дубайн гэрээг цуцалж, Оюутолгойн төслийн Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэх, УИХ-ын 92-р тогтоолд тусгагдсан зүйлийг мөрдлөгө болгох хэрэгтэй.  Мөн нухацтай ярих үүднээс үг хэлэх минутыг нэмэгдүүлэх өгөх хүсэлт байна.

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Олон жил ярьж, улс төрийн сэдэв болсон асуудлаа хэлэлцэх гэж байна. Үүнтэй холбоотой тэс хөндлөн байр сууриуд бий. Асуудлыг хэлэлцэх гэж байгаа нь зарчмын байр сууриа нэгтгэж, хэлэлцээрт нэгдмэл байр суурьтай орох. Миний дэргэд сууж байгаа С.Ганбаатар, С.Батболдтой холбоотой. Энэ хоёр хүнээс болж хэлэлцээр өөрчлөгдөнө. Ажлаа хийсэн хэсэг нь эх ороноосоо урвагч, хөгийн амьтан болдог. Эх оронч гээд байгаа хүмүүс нь асуудлаа гацаадаг, тээг болдог. Үндэслэл, мэдээлэл байдаггүй. Нууц ноёнтон гээд байгаа Сү.Батболд нь хэвлэлээр байр сууриа илэрхийлдэггүй. Хуралдаа сууддаггүй. Ийм байдалтай яаж хэлэлцээр урагшлах юм. УИХ-ын гишүүдийг Засгийн газрын ажлын хэсэгт оруулчихсан. Хажуугаар нь түр хороо байгуулчихсан. Иймээс С.Ганбаатар ажлаа хий л дээ. Олон жил Оюутолгой ярьчихаад яг асуудал яригдах болохоор ирдэггүй. Сү.Батболдыг танхимд авчирч байцаамаар байна.

Чуулганы хуралдаан нээлттэйгээр үргэлжилж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү