Т.Мөнхгэрэл: Замын-Үүд-Эрээний боомтоор энэ сарын 7-наас 20-30 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр тохиролцсон


2021-04-05 11:15:28

Монгол-Хятадын хилийн боомтуудын үйл ажиллагаа доголдсон нь аж ахуйн нэгж болон иргэдийг багагүй бухимдуулаад байгаа билээ. Энэ асуудлаар БНХАУ-ын Эрээн хотод суугаа консул Т.Мөнхгэрэлээс тодрууллаа.

-Замын-Үүд боомтын үйл ажиллагаа хэдийнээ доголдож эхэлсэн бэ. Асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?

-Ачаа тээврийн үйл ажиллагаа саатсан асуудал анх 2021.03.22-нд Эрээний гаалийн хашаанд манай экспортын мах ачсан тээврийн хэрэгсэл шатсантай холбоотой гарсан. Үүнтэй холбоотой гаалийн хашаанд цэгцлэх  явцад Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал нэлээн хүндэрсэн. Энэ хоёр шалтгааны улмаас Монгол Улсаас Эрээн хот руу орон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Хятадын тал түр хугацаанд зогсоосон. Энэ хугацаанд гаалийн хашааны эмх цэгцтэй байдлыг хангах, халдвар хамгаалал, аюулгүй байдлыг хангах ажлыг аль аль тал хийсэн.

Замын-Үүдэд коронавирусийн халдвар батлагдсантай холбоотой урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч эхэлсэн. Эрээний тал гаалийн хашаанд ажилладаг 8000 орчим Хятадын талын жолооч, ажилчин, ачигч зэрэг хүмүүсийг 2021.04.06-н хүртэл вакцинжуулж дуусаад 2021.04.07-ний өдрөөс эхлэн Монголын талын тээврийг нэвтрүүлж эхлэхээр тохиролцсон. Энэ сарын 7-ны өдрөөс эхний ээлжинд 20-30 тээврийн хэрэгсэл оруулах байдлаар ариутгал, халдваргүйжүүлэлтийг  хийхээр ярьж байна.

Болж байвал бага багаар тоогоо нэмэгдүүлэх зохицуулалт хийхээр тохиролцсон. Гэхдээ нэг нөхцөл бий. Энэ нь Замын-Үүдэд дахин нэмж халдвар гарахгүй байх ёстой гэдгийг аль аль талдаа анхаарах ёстой. Тийм учраас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын зүгээс халдвар хамгааллын ажлыг сайтар хийж хэрэгтэй. Мөн аль аль талдаа цар тахалтай тэмцэж буй мэдээллээ солилцдог сувгууд бий болгосон. Тэр хүрээнд мэдээллээ солилцон ажиллаж байна. Хятадын талтай ойлголцож аль аль үр дүнтэй ажиллаж байна гэж хэлэх байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү