Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар МАН-ын толгойны өвчин болжээ


2021-04-06 10:26:53

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар хариуцлагагүй байсан гэдэг үндэслэлээр огцорсон. Энэ тухайгаа Ерөнхий сайд асан өөрөө хэлж, “Би аав хүний хувьд эмзэглэж байна. Дөнгөж төрсөн эх, нярай хоёры тийм байдлаар авч гарсанд эмзэглэж, ажлаа өгч байна. Би нөхөдтэйгөө хамт хариуцлагаа хүлээнэ” гэснээр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ түүний халааг авсан.

Харамсалтай нь, МАН залуу шинэ үедээ итгэл хүлээлгэлээ хэмээж байсан ч Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар өнөөдөр МАН-ын ТОЛГОЙНЫ ӨВЧИН болжээ. Ямартай л МАН-ын байранд энэ асуудал ярианы гол сэдэв болж, "Энэ  Засгийн газрын гишүүд урд өмнө байгаагүй сул, чадваргүй юм. Сайдын зангарагатай хүн нэг ч алга. Иймээс Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, ирэх аравдугаар сард унагана" хэмээгээд дараагийн засагт хэнийг оруулах вэ гэдэг тохироогоо аль хэдийнэ хийгдээд эхэлжээ. 

Үнэндээ энэ засгийн Засгийн газрын сайд нарын үг, үйлдэл олны бухимдлыг хамгийн ихэр хүргэх болсон.

Хамгийн сүүлд гэхэд энэ засагтаа арай дөнгүүр гэгддэг Сангийн сайдын худал үг олныг бухимдуулж, ард түмний аазгайг хөдөлгөсөн. Учир нь Б.Жавхлан өнгөрсөн долоо хоногт чуулганы хуралдааны танхимд өргөн хэрэглээний барааны үнэ өсөөгүй. Хилийн боомтууд нээлттэй, импорт ч хэвийн гэж ярьсан. Гэтэл бодит байдал дээр урд хөрш гуравдугаар сарын 3-нд Шивээ хүрэнгийн боомтод тодорхой хязгаарлалт тавьж, гуравдугаар сарын 23-наас Замын-Үүдийн хийлийн боомтыг хаасан. Үүнээс болж өнөөдөр дээрх боомтын үйл ажиллагаа зогсож, манай улс эдийн засгийн гол хөшүүрэг болсон хар алтаа гаргаж чадахгүй хэмжээнд хүртэл асуудал үүсээд байна. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногийн сүүлээр 400 гаруй ачаа тээврийн машин Замын-Үүдэд урт дараалал үүсгээд байсан бол энэ тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, тэнд байгаа жолооч нарын уур бухимдал дээд цэгтээ хүрчихээд байгаа юм. Ямартай л УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цар тахлын нөлөөлөөс хамаарч хил гааль дээр асуудал үүслээ. Үүнээс болоод эдийн засгийн гол эргэлтийг бий болгодог уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс экспорт саатаж байна. Өдөрт хэдэн мянгаар хил нэвтрүүлэх боломжтой нүүрсний экспорт дөнгөж 30-хан машин гарч байна. Үүнээс хамаарч хоногт таван сая ам.долларын экспортын орлого алдаж байна. Хил дээрх энэ нөхцөл байдал авлига, хээл хахууль дагуулдаг. Үүнд онцгой анхаарах шаардлагатай" хэмээсэн.

Харамсалтай нь, нөхцөл байдал ийм болчихоод байхад Ерөнхий сайд нь ч, Сангийн сайд нь ч, Гадаад харилцааны сайд нь ч таг чиг. Хэдийгээр ажлын хэсэг байгуулсан гэх ч өнөөх нь бүтэл муутай төдийгүй энэ асуудалд хамгийн гол үүрэг гүйцэтгэх ёстой ГХ-ны сайд Б.Батцэцэг болон урд хөршид эх орноо төлөөлөн суугаа Бүрэн эрхэт Элчин сайд Т.Бадрал нар өөрсдийгөө магтахаас өөр үг унахгүй байгаа нь хачирхалтай. Мөн нөхцөл байдал энэ хэвээрээ үргэлжилбэл цаашид манай улсын эдийн засаг хэрхэх, хүнс болон өргөн хэрэглээний барааны үнийг хэрхэн ард түмний нуруун дээр дарамт болголгүйгээр зохицуулах гээд олон асуудал урган гарч ирж байгаа юм. Товчхондоо, энэ бүх нөхцөл байдлаас  болж Монгол Улсын эдийн засаг хийгээд иргэдийн амьдралд хэрхэн хүндээр тусах, энэ нь Ерөнхийлөгчийн сонгууль ойртож буй энэ үед эрх баригч нам ард түмнээсээ ямар том оноо алдах гээд ар араасаа том асуудал дагуулахаар болж байна.  

Иймээс л 100 жилийн түүхтэй МАН-хан энэ Засгийн газрын чадал чансаагүй, чадваргүйг гайхаж, ирэх аравдугаар сараас унагах. Ингэхдээ Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулж, давхар дээлтэй сайд нарын тоог нэмэх зэрэг асуудлыг хөндөж байгаа аж. Үүнээс гадна 100 жилийн ойн дээрээ нэгдэж нийлнэ гээд байгаа МАХН-ын дарга Н.Энхбаяртай аль хэдийнэ тохироогоо хийж, дараагийн Засгийн газарт түүнд 2-3 сайдын суудлыг өгнө гэсэн тохироог ч хийсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү