Нас баралт хэд хүрвэл Засгийн газар эрүүл мэндэд анхаарлаа хандуулж, улстөржилтөө зогсоох вэ, Ерөнхий сайд аа


2021-04-06 12:27:41

Сүүлийн 24 цагт коронавирусийн 831  тохиолдол батлагдлаа. Ингэснээр улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 11.651 болов. Хэдийгээр вакцинжуулалтыг идэвхижүүлж байгаа ч эхний тун найдвартай хамгаалалт биш гэдгийг Эрүүл мэндийн яамнаас тодотгодог. Өөрөөр хэлбэл, одоогийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ төдийлөн үр дүнтэй бус. Цаашид нөхцөл байдал улам хүндэрнэ.

Өдөрт халдварын тохиолдлын тоо 1000 гаруйгаар бүртгэгдэх аюул ойрхон бий. Тэр хэрээр маш хүн, хүнд өвчитний тоо нэмэгдэнэ. Улмаар нас баралт өснө. Сүүлийн 4 өдөр дараалан нас баралт бүртгэгдэж, коронавирусийн шалтгаант нас баралт 13 болоод байна.

Нөхцөл байдал өдөр ирэх тусам хүндэрч, хөнгөн өвчитнүүдийг гэрээр эмчлэх шийдвэр гаргаад байгаа. Гэвч тэдгээр хөнгөн өвчитнөөс хүндэрч эмнэлэгт ирэх тохиолдол цөөнгүй байгаа аж. Эрчимт эмчилгээний тасагт ор нэмж тавьж болох ч хүний нөөцийн чадамжгүй болжээ. Ийнхүү цар тахлын өмнө эрүүл мэндийн салбарынхан туйлдаж, арга мухардаж эхэллээ.

Харин Засгийн газраас эрүүл мэндээс илүүтэй эдийн засгийг идэвхижүүлэх зорилт дэвшүүлэв. Нэг зоосны хоёр тал шиг эрүүл мэнд, эдийн засгийг хослуулна хэмээх боловч авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь эдийн засгийг хүчээр түлхүүрдэхээс хэтрэхгүй нь.

Монгол Улс өнгөрсөн хугацаанд 3 удаагийн хөл хорио тогтоосон. Тэр бүрт халдварын хүрээ хумигдаж байсныг Эрүүл мэндийн яамны ээлжит 11.00 цагийн мэдээгээр өнөөдөр танилцуулав. Хамгийн сүүлд буюу энэ оны хоёрдугаар сард тогтоосон хөл хорионы үеэр халдварын тархалт буурч, 10 хоногийн дараагаас эрчимтэй нэмэгдэж эхэлжээ. Энэ нь үйлдвэр, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нэг дор шууд нээсэнтэй холбоотой хэмээн эрдэмтэд үздэг. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулж, асуудлыг шат дараатай авч хэрэгжүүлсэн бол өнөөдрийн нөхцөл байдал бий болохгүй байсныг тодотгодог юм.

Гэвч УОК-ийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн үгийг Засгийн газар сонсохоо болиод удаж байгаа. Өмнөх Засгийн газрын үед байгуулагдсан тэрхүү эрдэмтдийн үг үйлдлийг УОК болон Засгийн газар үл ойшоож, хөл хорио тогтоох асуудлыг хойшлуулсаар өнөөг хүрсэн.

Уг нь вакцинжуулалтын ажлыг хөл хориотой хамтатган зохион байгуулж, богино хугацаанд халдварын тархалтын хүрээг хумих боломж байгааг Эрдэмтэд өглөө бүр тодотгодог. Харамсалтай нь УОК, Засгийн газар үл ойшоосоор өдгөө ногоон бүс байсан аймгууд халдварын голомт болж, өдөрт 100 гаруй тохиолдол бүртгэгдэж эхэлсэн.

Дэлхий дахинд цар тахлын хүрээг хумих, хавьтлыг тогтоох шалгарсан арга нь хөл хорио тогтоох. Харин Монгол Улсын хувьд эрүүл мэндээс илүүтэй эдийн засгийг чухалчилж, халдварыг хяналтаасаа алдаж байгаа нь энэ.

Аж ахуйн нэгж байгууллага, үйлдвэр, үйлчилгээний газрын орлогыг хааж, эдийн засгийн эргэлтийг зогсоохгүйн тулд иргэдийн ухамсарт найдаж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөж, цар тахалтай хөл нийлүүлэх ажиллах учиртай хэмээн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тунхагласан. Улмаар энэ хүрээнд ажлын байрыг дэмжих зээл олголтоо урьтал болгон тайлбарладаг. Мөн гаднаас авах зээл, тусламжийн хэмжээ нэмэгдсээр...

Бодит байдал дээр иргэдийн амьжиргаа доройтож, эрүүл мэндээрээ ч хохирсоор байна. Цаашид халдварын хичнээн тохиолдол бүртгэгдэж, нас баралт хэд хүрч байж Засгийн газар эрүүл мэндийн тэргүүн тавьж, эдийн засгийн нэрийн доорх улстөржилтөө зогсоохыг таашгүй.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү