14 хоногийн хатуу хөл хорио тогтоож, иргэн бүрт 300.000 төгрөг өнөөдрөөс олгоно


2021-04-08 17:09:26

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, дөрөвдүгээр сарын 10-25-нд буюу 15 хоногийн хугацаанд Улаан түвшинд шилжихээр болсныг зарлалаа.

 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Энэ амаргүй үед эдийн засгийн эргэлтийг зогсоох нь туйлын хүндрэлтэй тул иргэн бүрд 300 мянган төгрөгийн нэг удаагийн тусламжийг олгохоор боллоо" гэв.

Мөн "2021 оны хоёрдугаар сарын 25-нд төрийн санд 229.7 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь Оюутолгойгоос татварт төвлөрүүлэх ёстой байсан мөнгө гэсэн үг. Гуравдугаар сарын 4-нд 419.1 тэрбум, 30-нд 365.5 тэрбум төгрөг буюу нийт 1 их наяд 26.5 тэрбум төгрөг Төрийн санд төвлөрсөн.

Засгийн газраас баялагтаа эзэн байх зорилтыг дэвшүүлж байгаагийн хувьд болон вакцинжуулалтаа үр дүнд хүргэж, эдийн засгаа тогтвортой нээхийн тулд, иргэдээ хөл хорионы хугацаанд сөхрөөхгүйн тулд уг эх үүсвэрээ иргэн бүрдээ зориулах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн" гэсэн юм.

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорио тогтоож байгаа гол шалтгаан нь вакцинжуулалтын үр дүнг алдагдуулахгүй байх. Нөгөө талд эмнэлгийн салбарынхан, цагдаа онцгой гээд голомтод ажиллаж буй ажилчдын хүчийг алдагдуулахгүй байх явдал юм. Халдвар хамгааллын дэглэмийг сахихтай холбоотой халдваргүйтгэл, ариутгалын ажлыг эрчимтэй явуулна.

 

Иргэдэд чиглэсэн эрүүл мэндийн эмчилгээ оношилгоо үйлчилгээг сайжруулах ажил тасралтгүй үргэлжлүүлэн ажиллана. Тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа. Одоогийн байдлаар гаргасан тооноос харвал 100 гаруй голомт байгаагаас 70 гаруй нь идэвхтэй байгаа юм. Цаашид энэ тоо өсөх нөхцөл байдал үүссэн тул шаардлагатай арга хэмжээ авч байна. Хариуцлагыг шат шатанд ярьж байгаа. Санаатай, зохион байгуулалттайгаар ашиг хонжоо хайж удаашруулдаг явдал байж болохгүй гэж байгаа" гэлээ.

Сангийн сайд Б.Жавхлан "3.3 сая иргэндээ өнөөдрөөс эхлэн 300,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгоно. Энэ үйл явц 7-10 хоног үргэлжлэх ч аль болох богино хугацаанд арилжааны банкуудаар дамжуулан зохион байгуулна. Мөнгийг бэлэн платформуудаар буюу хүүхдийн мөнгө, тэтгэвэр авдаг данс, 1,072 авдаг хувьцааны данс гэх дансаар банкуудаар дамжуулан олгох ажил өнөөдрөөс эхэлнэ.  Аль болох хурдан хугацаанд нийт иргэддээ түгээхээр ажиллана" гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү