Төрийн зарим хяналт, шалгалтыг 3 жилээр зогсооно


2022-01-12 14:08:55

Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 34 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Эхний асуудал нь Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийн талаар хэлэлцлээ. Ерөнхий сайдын зүгээс төрийн хяналт шалгалтын улмаас бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжид учирч байгаа хүндрэл чигрэгдлийг бууруулах, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хяналт шалгалтыг бууруулах чиглэлийг өмнөх Засгийн газрын хуралдаанаас өгсөн" гэлээ.

Дээрх хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд батлах хэд хэдэн хууль тогтоомжийн жагсаалтыг УИХ-ын тогтоолоор баталсан. Энэ хүрээнд өнөөдөр Зарим төрлийн төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг түр зогсоох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Энэ хуулийн үйлчлэл 2022.02.01-2024.12.31-ний өдрийг хүртэл буюу эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 3 жилийн хугацаатай үйлчилнэ. Төрийн хяналт, шалгалтын тухай хуульд тухайн төрөл чиглэлийн төлөвлөгөөт хяналт шалгалтыг жил бүр зохион байгуулах төлөвлөгдсөн байдаг. Энэ нь аж ахуй, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулдаг гэж бизнес эрхлэгчид удаа дараа нийгмийн сүлжээнд илэрхийлж байсан. 

Түр зогсоох хуульд хамраарахгүй хяналт  шалгалт нь 

  • Монголбанкны
  • Санхүүгийн зохицуулах хорооны
  • Гаалийн
  • Татварын
  • Эрүүл мэнд, нийгмийн даатгалын
  • Хүүхэд хамгааллын чиглэлийн хяналт шалгалт зогсохгүй  

Үүнээс бусад аж ахуй, нэгж байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бүхий л хяналт шалгалтыг хууль батлагдсанаар 3 жил зогсооно. Гэхдээ иргэдийн өргөдөл, гомдлоор тавьсан хяналт шалгалт хийгдэнэ. Энэ хүний амь нас, эрүүл мэндтэй холбоотой учраас хяналт хийгдэхээр зохицуулалттай" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү