Ч.Болортуяа: Хөл хорио тогтоох шаардлагагүй


2022-01-19 14:06:52

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлэ. Хуралдааны эхэнд УОК-ийн мэдээллийг сонслоо. 

Дэлхий нийтэд 2022.01.01-ний байдлаар Омикрон хувилбар нийт тохиолдлын 44 хувийг эзэлж байсан бол энэ сарын 13-ны байдлаар 60-70 хувь болж өссөн байна. Монгол Улсын хувьд батлагдаж буй тохиолдлын 90 дээш хувьд Омикрон хувилбар давамгайлан тархаж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. 

Өнгөрсөн 7 хоногтой харьцуулбал халдварын тохиолдлын тоо 9000 орчмоор нэмэгдэж, эмнэлэгт хэвтсэн хүмүүсийн 95 хувь нь хөнгөн байгаа боловч тохиолдлын тоо өндөр байгаа нь хүндрэх хүмүүсийн тоо өндөр гэж ЭМЯ мэдээллээ.

Хуралдаанаар хичээл, сургалтын нөхцөл байдлын талаар хэлэлцсэн. Оюутан, сурагчдын улирлын амралт үргэлжилж байгаа ч цэцэрлэгийн үйл ажилллагаа явагдаж байгаа. Шинэ улирлын хичээлийг бүрэн танхимаар нээх эсэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. УОК-ийн эрдэмтдийн зөвлөлөөс өгч байгаа мэдээллээр энэ сарын сүүл, ирэх сарын эхээр тохиолдлын тоо хамгийн өндөр түвшинд хүрэх тооцооллыг гаргасан. Иймээс БШУЯ-наас хичээл, сургуулийн үйл ажиллагааг хэрхэн эхлүүлэх талаар 3 төрлийн зохион байгуулалтын арга хэмжээг авах талаар Л.Энх-Амгалан сайд танилцуулсан. 

Ерөнхий сайдын зүгээс холбогдох газрууд саналаа нэгтгэж шийдэх 7 хоногийн хугацаатай үүргийг өгсөн. 

Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоох шаардлагагүй. Аль нэг байгууллагаас ийм санал одоогоор ирээгүй байгаа. Төрийн албыг 50 хувиар ажиллуулах УОК-ийн саналыг Ерөнхий сайд дэмжээгүй" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү