Ерөнхийлөгчид барьсан “Төрсөн өдрийн бэлэг”


2022-06-16 15:20:49

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн өдөр зургаадугаар сарын 14-нд тохиож, Монгол даяар хөл ихтэй өнгөрөв. 1968 оны энэ өдөр түүнийг мэндлэхэд“Икар” хэмээх сүүлт од дэлхийг мөргөж сүйрүүлэх нь хэмээн монголчууд хөл толгойгоо олохгүй сандарсан юм гэдэг.

Тэгвэл 54 насны ой нь бурхан багш мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүрийг олсон их дүйчин өдөр хийгээд бурхан багшийн ринсрэлийг залах үйл явдалтай давхцав. Энэ ч яах вэ, Төрийн тэргүүнд төрсөн өдрийн мэндчилгээ, захидал ирүүлсэн хамгийн эхний хүн нь харин БНХАУ-ын дарга Ши Жиньпин байв уу даа.

Элчин сайдаараа уламжлуулсан захидалд тэрбээр Монгол, Хятадын найрсаг харилцааг хөгжүүлэх асуудлыг чухалчилж үздэгээ онцолжээ. Цаашид харилцаа, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлж, түүний БНХАУ-д хийх айлчлалыг тэргүүн ээлжинд хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа тэмдэглэжээ. Төрийн тэргүүний төрсөн өдрийн “сюрприз” үүгээр дууссангүй.

Халуун цуст монголчууд хөдөлгөөн, Ээжүүдийн холбоо, Үндэсний аюулгүй байдлын сангаас “Дээдсийн цааз” хэмээх шаардах бичгийг зургаадугаар сарын 14-нд Сүхбаатарын талбайд уншиж, олон нийтэд сонсгосон. Түүнийгээ өчигдөр морин цагт Ерөнхийлөгчид гардуулж өгнө хэмээснийг Төрийн ордны баруун хаалган дээр холбогдох албаныхан тосч авчээ. Төрийн тэргүүнд ард түмнээс илгээсэн тэрхүү “Төрсөн өдрийн бэлэг”-ийн дотор утгыг сийрүүлбэл лав л Хятадтай илт сүжирч болохгүйг анхааруулжээ гэж ойлгогдохоор.

Үүнд: “Цаг үеийн нөхцөл байдал хүндэрч, Монгол Улс түүхэндээ байгаагүйгээр сульдан доройтсон байна. Монгол Улсын гадаад өр нь улсын аюулгүй байдалд ноцтой хохирол учруулж, тусгаар тогтнолоо алдаж болзошгүй аюултай цаг үед бид амьдарч байна. Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдалд онцгой аюул заналхийлэл үүссэн бодит нөхцөл байдлыг харгалзан үзэж, мөн өнөөгийн Засгийн эрхэнд гарсан МАН нь улс орноо хүнд хэцүү үед зөв шударга, зохистой удирдан авч явж чадахгүй байгаагаас шалтгаалан Монгол Улсын хил хязгаарын халдашгүй дархан байдал алдагдлаа. Хүнсний аюулгүй байдал аюултай түвшинд хүрч, хөх толбот Монгол Улсын иргэд цаашид эрүүл энх, айх аюулгүй амгалан тайван аж төрөх боломж хомсдсоныг үндэслэн дараах цаазыг тунхаглан зарлаж байна.

Энэ цаг үеэс Монголын газар шороо Монгол хүн, Монголын оршихуй буюу Монголын заяа халдашгүй дархан байхыг цаазлан тунхаглаж, батлан хамгаалахаа илэрхийлж байна.

Монгол Улсын төлөө тангараг өргөсөн, Монголын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, эрхэм Ерөнхийлөгч та энэхүү цаазыг дэмжин, ард түмэнтэйгээ нэгдэн Монгол Улс, Монгол голомт, Монгол заяагаа хамгаалахын төлөө шаардлагатай арга хэмжээ авна гэдэгт итгэлтэй байна. Үүний тулд дараах арга хэмжээнүүдийг ард түмэнтэйгээ хамтран хэрэгжүүлэхийг уриалж байна.

Үүнд: Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 6.2-д заасан төрийн нийтийн гэсэн заалтаас нийтийн гэсэн үгийг хасах.

Хоёрдугаарт, харь хүнээр хүнсээ бэлтгүүлдэг тогтолцоог халж, Хятад иргэд Монголд махны үйлдвэрүүд хяналтгүй ажиллуулж буйг таслан зогсоож, зөвхөн Монголын иргэд, аж ахуйн нэгжүүд мах бэлтгэл, нийлүүлэлтийн асуудлыг хариуцан хэрэгжүүлдэг болгох , хяналт хариуцлагыг чангатгах.

Гуравдугаарт, уул уурхайн замбараагүй үйл ажиллагаанаас үүдэн байгаль орчин доройтож, ундны ус ширгэж, гол мөрөн хатаж, малын бэлчээр хумигдаж, цөлжилт давамгайлах аюул нүүрлэсэн эдүгээ байдалд онцгой анхаарал хандуулж, шийдвэртэй арга хэмжээ авах.

Дөрөвдүгээрт, вакцинжуулалтаас үүдсэн хүн амын өвчлөл, нас баралтын учир шалтгааныг тогтоож, дүгнэлт өгч, хариуцлага тооцох, хохирогсод шаардагдах нөхөн төлбөрийг олгох.

Тавдугаарт,Засгийн газар цахим дуудлага худалдаагаар газар шороогоо наймаалцахаар зэхэж байгаагийн цаана БНХАУ-аас их хэмжээний зээл авах асуудал хавсарч гүйцэлдэх аюул байж болзошгүйг тооцон үндэсний аюулгүй байдалд хохирол авчрах энэ болчимгүй бусармаг бодлогыг нэн даруй зогсоох.

Их хэмжээний зээл авч, улс орныг өрөнд нэрвэгдүүлж, ялангуяа нэг улсаас өр зээлээр хамааралтай болгох нь нэн аюултайг анхааруулж байна” гэжээ. Төрийн бус байгууллагуудаас дээрх таван заалт бүхий мэдэгдлийн хариуг 24 цагийн дотор өгөхийг Ерөнхийлөгчөөс хүсчээ.


 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү