130 сая ам.долларын зээлийн хэлэлцээрийг байнгын хорооны гишүүд дэмжив


2022-12-01 08:57:15

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны (2022.11.30) хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэн, шийдвэрлэв.

Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив

Хуралдаанаар эхлээд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшилцөхөөр Засгийн газраас 2022.11.7-ны өдөр ирүүлсэн асуудлыг хэлэлцэв. Зээлийн хэлэлцээрийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцууллаа.

Танилцуулгадаа, “… Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуулиар энэ оны алдагдлыг 2.4 их наяд төгрөг буюу ДНБ-ий 5.1 хувиас хэтрэхгүй байхаар баталсан. Төсөв ийнхүү алдагдалтай батлагдсанаар төсвийн орлого, зарлагын зөрүүг Засгийн газрын өр үүсгэж, санхүүжүүлэхээр төлөвлөж байна. Иймд, “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэхүү 100 сая ам.доллартой тэнцэх “Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр”-ийн зээлийг авч ашиглахаар Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банктай зээлийн хэлэлцээрийг  2022.09.05-ны өдөр хийж, тус хөтөлбөрийн хүрээнд 100 сая ам.доллартой тэнцэх зээл олгох асуудлыг тус банкны Захирлуудын зөвлөл 2022.09.29-ний өдөр баталсан болно.

Төлбөрийн тэнцэлийг дэмжих, гадаад валютын албан нөөцийг нэмэгдүүлэхэд нэн шаардлагатай энэхүү эх үүсвэрийг оны өмнө яаралтай авч ашиглахаар төлөвлөн ажиллаж байна. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкнаас авч ашиглах 100 сая ам.долларын зээлийн эх үүсвэр нь эхний гурван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, долоон жилийн хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй бөгөөд баталгаат овернайт санхүүжилтийн хүү буюу SOFR хөвөгч суурь хүү дээр 0.81 хувийн нэмэгдэлтэй болно. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэлээ.

Үргэлжлүүлэн тус Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Танилцуулгадаа, “Эдийн засгийн байнгын хороо 2022.11.22-ны өдрийн хуралдаанаараа дээрх хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед гишүүн Б.Баттөмөр, Н.Ганибал, М.Оюунчимэг нар гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгыг нь дэмжиж байгаа боловч зээлийн хөрөнгөөр төсвийн алдагдал нөхөхийг дэмжихгүй, зээлээ эргэн төлөх, ашгаа өгөх, үр дүнтэй зүйлд зарцуулах нь зүйтэй тул төслийг оруулж ирсэн энэ хэвээр нь дэмжих боломжгүй гэсэн саналыг хэлсэн болно. Төслийг зөвшилцөх асуудлаар санал хураахад Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжсэн” гэлээ.

Мөн тус Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Х.Баделхан танилцуулав. Танилцуулгадаа, “Төсвийн байнгын хороо 2022.11.30-ны өдрийн хуралдаанаараа дээрх хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед гишүүдээс асуулт, санал гараагүй болно. Төслийг зөвшилцөх асуудлаар санал хураахад гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжсэн” хэмээв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүн Х.Булгантуяа үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Ингээд Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын Зээлийн хэлэлцээр (Мөчлөг сөрсөн бодлогын арга хэмжээг дэмжих хөтөлбөр)-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. 

Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөх асуудлыг дэмжив

Хуралдаанаар үргэлжлүүлэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшилцөхөөр Засгийн газраас ирүүлсэн асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун танилцуулав. Танилцуулгадаа, “Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл"-ийг Азийн хөгжлийн банкны 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн болно.

Төслийг хэрэгжүүлснээр бэлчээрийг хамгаалах, даац, ачааллыг бууруулах замаар бэлчээрийн менежмент, малын үржил, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулж, сүргийн бүтцийг бүрдүүлэх, мал аж ахуйн салбарын бүтээмжийг нэмэгдүүлж, нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх, зуд гэх мэт байгалийн гэнэтийн гамшигт өртөмтгий байдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой. Мөн Монгол Улсын Засгийн газраас ойрын хугацаанд авч хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн үйл ажиллагаатай нийцэж байгаа тул уялдуулж, махны экспортыг нэмэгдүүлэх зорилгоор эрүүл бүс байгуулж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж, малын бэлчээр, тэжээл, усан хангамжийг сайжруулах, зохистой ашиглах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, малын эрүүл мэндийг хамгаалж, уламжлалт бэлчээрийн мал сүргийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, өсвөр малыг богино хугацаанд эрчимтэй шахаж бордон, гарал үүсэл нь тодорхой, олон улсын мал эмнэлгийн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүнийг тогтвортой үйлдвэрлэж, экспортыг нэмэгдүүлж, монгол малын махны үнэ цэнийг өсгөнө.

Энэхүү төслийг хэрэгжүүлсэнээр дараах үр дүн гарна. Үүнд, малын халдварт болон гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж, малын өвчингуй эрүүл бүс бий болно, бэлчээрийн монгол малын мах, махан бүтээгдэхүүний үнэ цэнийг өсгөж, үйлдвэрлэл тоггвортой явагдана, олон улсын эрүүл ахуйн шаардлага хангасан мах, махан бүтээгдэхүүний экспортыг тогтвортой явуулах боломжийг бүрдүүлнэ, үржлийн бус эр сувай болон өсвөр малыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар малын чанар, үүлдэр угсааг сайжруулна, мал сүргийн тооны хэт өсөлтийг бууруулж, бэлчээрийн даац, ачааллыг багасгаж, тэжээлийн нөөцийг сайжрууна, бүс нутагт ажлын байрыг нэмэгдүүлж, малчдын орлогыг өсгөнө. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү” гэв.

Түүнчлэн, тус Зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн Х.Булгантуяа танилцуулав. Танилцуулгадаа, “Эдийн засгийн байнгын хороо 2022.03.23-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслийг зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн явцад гишүүн Т.Аюурсайхан, Ж.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг, М.Оюунчимэг, С.Чинзориг, Х.Булгантуяа, Д.Бат-Эрдэнэ нар шинээр зээл авах тохиромжгүй байгаа талаар, эрсдэлийн удирдлагаараа энэ зээлийнхээ нөхцөл байдлыг дахиж тодорхойлон эцэслэж байж Засгийн газрын өрийг нэмэх, төслийн зорилгыг уур амьсгалын өөрчлөлт, бэлчээрийн доройтол, цөлжилт  хамгийн их явагдсан бүс нутаг болох говийн бүсийн нутгуудад болон уул уурхайн бүтээгдэхүүнийг олборлож буй нутгуудад чиглүүлэх талаар анхаарах, төсвийн техник эдийн засгийн үндэслэл дээр анхаарах талаар үг хэлж, асуулт асууж, хариулт авсан болно. Төслийг Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжээгүй” хэмээв.  

Тэрбээр мөн тус төслийг зөвшилцөх талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцууллаа. Танилцуулгадаа, “Төсвийн байнгын хороо 2022.03.22-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцсэн. …Байнгын хорооны хуралдаанаар төслийг хэлэлцэх үед  гишүүн Б.Пүрэвдорж төслийн хүрээнд хийгдэх ажлууд нь төсвийн урсгал зардлаар санхүүжигдэх боломжтой тул зээл авч улсын өрийг нэмэгдүүлэх шаардлага байгаа эсэхийг анхаарч, төслийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн болон зээл ашиглалтын тооцоог нарийвчлах зорилгоор төслийг хууль санаачлагчид нь буцаах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан болно.  Төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх зөвшилцөхийг дэмжсэн” гэлээ.

Энэ үеэр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан “Тус зээлтэй холбоотойгоор Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдээс санал гарсан. Зээлийн төсөл доторх зарим зүйлийг өөрчлөх шаардлагатай талаар гишүүд дор бүрнээ саналаа хэлсэн. Үүнтэй холбоотойгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам Азийн хөгжлийн банктай дахин хэлэлцээрт орж, энэ хэлэлцээрийн зарим заал, хүрээг өөрчлөх талаар хэлэлцсэн байна. Энэ дагуу 2022.11.30-ны өдөр Азийн хөгжлийн банкнаас албан бичиг ирсэн” гээд албан бичгийг уншиж танилцуулав. Албан бичигт “тус төсөл батлагдаж, хэрэгжмэгц 2022.06.17-ны өдрийн УИХ-ын тогтоол зэрэг Засгийн газрын холбогдох бодлоготой нийцүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны зүгээс шаардлагатай өөрчлөлтийг төсөлд оруулахад бэлэн байна. Бидний зүгээс тус төслийг батлуулахад шаардлагатай бүх мэдээллийг гаргаж өгөхөд бэлэн” гэснийг Байнгын хорооны дарга уншиж, танилцууллаа.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Б.Баттөмөр, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, хариулт аван, үг хэллээ. Тухайлбал, гишүүн Х.Булгантуяа төсөлд ямар өөрчлөлтүүд хийнэ гэж үзэж байгаа талаар болон ямар шалгуураар төсөлд хамруулахаар таван аймгийг сонгосон талаар, мөн үр дүнг хэрхэн харж буй талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаас асуулт асууж, хариулт авав. Гишүүн Б.Баттөмөр зээл авахыг дэмжиж байна, харин хуваарилалт болохгүй байна гээд төслийг эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малыг эрүүлжүүлэх чиглэлд хэрэгжүүлэх шаардлагатай талаар санал хэллээ. Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан “Малыг эрүүлжүүлэх болон Монгол Улсын экспортыг дэмжихэд чиглэсэн хэрэгцээтэй бусад ажлыг хийхэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам идэвхтэй оролцоно. Хэрвээ ингэж орж ирэхгүй бол гарын үсэг зурахгүй гэж салбарын сайд сая асуултад  хариулахдаа хариуцлагатай мэдэгдлээ. Үүнийг протоколд тэмдэглэе. Азийн хөгжлийн банкны ирүүлсэн албан бичгийг сая уншиж танилцууллаа. Батлуулсан хойноо, батлагдсанаараа явна, хашаа хороо барина гэдэг асуудал руугаа битгий орчихоорой. Малыг эрүүлжүүлэх, экспортыг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй мал аж ахуйг дэмжих чиглэлээр хэрэгжинэ гэж ойлголоо” хэмээн анхааруулж, үг хэллээ.

Ингээд гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж дууссанаар Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрүүд (Уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй, тогтвортой мал аж ахуйг хөгжүүлэх төсөл)-ийн төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад гишүүдийн 66.3 хувийн саналаар дэмжигдлээ.  Ингээд Зээлийн хэлэлцээрүүдийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцсэн талаарх Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлт, тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү