Ц.Баатарбилэг: Ё.Баатарбилэг гишүүнтэй ижил хэрэгт яллагдагчаар татагдсан


2023-01-19 13:36:17

Хөгжлийн банкны сонсгол Төрийн ордонд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Сонсголоор "НВЦ" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцлээ.

"НВЦ" компани Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ 2.6 сая ам.долларыг зориулалтын бусаар зарцуулсан хэмээн шинжээчийн дүгнэлт гарчээ. Тодруулбал, Хөгжлийн банкнаас авсан зээлээсээ "Хас" банкнаас всан хугацаа хэтэрсэн ангилалтай  2.6 сая ам.долларын зээлээ төлж барагдуулсан байна.  

Дээрх асуудлын талаар Ц.Баатарбилэг “2013 онд Германы хөгжлийн банкнаас 25 сая ам.доллар авахаар болсон байсан. Гэтэл яг зээл гарах үед Монголд ам.долларын ханш 2800 төгрөг болж огцом өссөн учир бидэнд 11 сая ам.доллар л олгох боломжтой болсон юм. Энэ үед бид “Хас” банкнаас гүүрэн санхүүжилт аваад төслөө эхлүүлсэн байсан.

Хөгжлийн банктай байгуулсан гэрээнд зээлийн 50 хувиар өмнөх төслийг дахин санхүүжүүлнэ гэж тодорхой заасан байгаа. Ингээд 2017 онд зээл гарсан. 10 жилийн хугацаатай, найман хувийн хүүтэй. Бид Төв аймгийн Баянчандмань суманд аж ахуйгаа барьсан. 2019 онд ашиглалтад ороод 2020 оноос үндсэн зээлээ төлж эхлэх хуваарьтай байсан боловч хоёр жил хойшлоод 2021 онд орсон юм. Цар тахал үүнд нөлөөлсөн. Гэхдээ энэ хооронд бид төслийн бүтээн байгуулалтаа дуусгаагүй, төлөлтөө тодорхой хэмжээнд хийж явсан" гэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд эл зээлийг авахад УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг нар нөлөөлсөн үү, ямар холбоо хамааралтай талаар нь тодруулахад НВЦ ХХК-ийн захирал Ц.Баатарбилэг "Зээл авахад улс төрийн нөлөөлөл ороогүй" гэв.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Та Ё.Баатарбилэг гишүүнийг таних уу?

Ц.Баатарбилэг: Танина. Сайн найзууд.

Түр хорооны дарга Б.Энхбаяр: Ё.Баатарбилэг гишүүнийг энэ хэрэгт яллагдагчаар татаж, УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг прокуророос тавьсан байгаа. Таныг яллагдагчаар татсан уу. Та хоёрыг нэг хэргээр яллагдагчаар татсан уу?

Ц.Баатарбилэг: Би яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа. Хэрэг удахгүй шүүх рүү шилжинэ. Ё.Баатарбилэг гишүүнтэй ижил хэрэгт яллагдагчаар татагдсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү