АН: Н.Учрал, Л.Оюун-Эрдэнэ нарыг огцрохыг шаардаж жагсана


2023-01-24 12:31:37

Н.Учрал сайдын өргөн барьж, батлуулсан “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль”-ийг АН-аас эсэргүүцэж мэдээлэл хийлээ.

АН-ын хэвлэлийн төлөөлөгч О.Батханд "УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан өргөн мэдүүлж, УИХ-аар яаралтай горимоор батлуулсан Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар өчигдөр сэтгүүлчдийн группт зар оруулсан. Гэтэл зар оруулсны дараа АН руу Цахим хөгжил, харилцаа холбооны яам, хэвлэлийн бус хэр нь МАН-ын гаралтай хүмүүс ярьж байна. Энэ юу гэсэн үг вэ?

Манай намын гишүүд Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо хэлэх эрх чөлөөгөө эдэлж байгаа, эдэлсээр ч байх болно. Улсаас хулгай хийгээгүй, нэр цэвэр олон залуус манай намд бий. Тийм учраас бид ЦХХХЯ, МАН-аас хэзээ ч айхгүй.

Өчигдөр ирүүлсэн сануулга шиг зүйл манай нам руу дахин битгий явуулаарай гэж шаардаж байна. Бүхэл бүтэн улс төрийн нам руу ийм халдлага ирж байгаа юм чинь Монгол Улсын жирийн иргэдийн үг хэлэх эрх чөлөөнд нь ямар дайралт хийдэг болох нь тодорхой харагдаж байна" гэлээ.

АН-ын дэд дарга Б.Ган-Очир "Ерөнхийлөгч энэ хуулийг өөрөө захиалж батлуулсан. Өөрийнхөө захиалсан хуульд бантаад хориг тавьж магадгүй. Эсвэл Н.Учралыг дэд сайдтай нь өрөөндөө дуудан загнах байх. Бас Үндсэн хуулийн Цэц гэж шүдгүй арслан байна. Үүнд бичиг аваачиж өглөө шийдэхгүй.

Гэсэн ч бид тус хуульд хориг тавь гэсэн албан бичгээ Ерөнхийлөгчид өгнө. Үндсэн хуулийн Цэцэд бичиг өгнө. Бидний бичгийг шийдвэрлэж өгөхгүй бол төв талбайд жагсаж, Н.Учрал, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нарыг огцрохыг шаардана" гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү