Сайд Б.Бат-Эрдэнэ Э.Баттулгыг халуулсан ч өөрийнх нь хууль бус үйлдэл дэлгэгдэв

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгатай толхилцож, эцэст нь хамтарч ажиллаж чадахгүй хэмээн Д.Амарбаясгаланд хошуугаа унжуулсан талаар мэдээлсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар салбарын сайдаас ирсэн саналын дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас салбар хариуцсан сайдын суудалд суусан Б.Бат-Эрдэнийг пиар бус бодит ажил хийхийг УИХ-ын чуулганы танхимд захиж байсан гишүүн цөөнгүй. Гэсэн ч сурсан занг сураар боож болохгүй гэгчээр цахим орчинд хамгийн идэвхитэй байдаг хүн бол тэр.
Харин Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон Э.Баттулга төрийн албанд 20 жил ажилласан намтартай нэгэн бөгөөд БОАЖЯ-нд газрын орлогч дарга, газрын дарга, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газрын даргаар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль орчны газрын даргаар ажиллаж байгаад 2020 оноос УИХ-ын Тамгын газрын дэд даргаар ажиллаж, улмаар яаманд Төрийн нарийн бичгийн даргаар томилогдсон нэгэн.
МАН-ын дээдсүүд дотроо толхилцохтой зэрэгцэн сайд, Төрийн нарийн бичгийн дарга хоёр ч эв түнжингүй байх болсныг яамны ажилчид хэлж байгаа юм.
Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгыг төсвийн хөрөнгийг үрэлгэн байдлаар зарцуулж байна гэх шүүмжлэл өрнөж байсан бол энэ удаад яамныхаа зарим газар, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргаад амжжээ. Төрийн нарийн бичгийн даргын ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан албан тушаалтнууд нь сайд Б.Бат-Эрдэнийн томилгооны хүмүүс байсан аж. Тодруулбал, БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2023.03.13-ны өдрийн Б/95 тоот тушаалаар Хуулийн хэлтсийн дарга С.Цогтгэрэлийг төрийн албанаас халах тухай тусгасан байна. Тушаалд дурьдсан үндэслэл нь С.Цогтгэрэл нь албан хаагчдыг удаа дараа хавчин гадуурхах, эрхшээлдээ байлган дарамтлах, ажлын цагаа бүртгүүлэхгүй байх, төрийн жинхэнэ албан хаагчдыг хууль бус үйлдэл хийхийг шаардах зүй бус үйлдэл гаргасан гэжээ.
С.Цогтгэрэл нь Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Б.Бат-Эрдэнэ сайдыг дагалдаж ирсэн нэгэн аж. Гэхдээ тушаал сайдын ширээн дээрээс хүчингүй болж, цуцлагдсан байна. Дашрамд дуулгахад, Э.Баттулга нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүргэн дүү юм.
Б.Бат-Эрдэнэ сайд дуучин Д.Болд болон бусад хүмүүст Богд уулын аманд газар олгосон баримт дэлгэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл бичих: