ЖДҮ-гийн зээлийг “Шарк танк” шиг ил хийчихдэг болвол зүгээр юм биш үү


2018-12-12 15:35:09

Тэрбум төгрөг хэр их мөнгө вэ. Улстөрчдийн хувьд тансагхан ресторанд ганц өдрийг гэр бүлээрээ өнгөрүүлж хүрэхтэй үгүйтэй мөнгө. Ямартаа ЖДҮ-гээс тэрбум төгрөгийн зээл авсан улстөрчид асуудал үүсмэгц маргааш нь “Май” гээд төлчихнө билээ. Харин жинхэнэ жижиг, дунд үйлдэрлэгчид хийгээд жирийн иргэдийн хувьд төсөөлшгүй их мөнгө. Хэдэн оронтойг нь ч эдийн засаг гадарладаг хэд нь хэлэхээс биш бусад нь мэдэхгүй байхыг ч үгүйсгэх аргагүй.

Өнөөдрийн өдөр тутмын сонинуудад "Та нэг тэрбум төгрөгөөр юу хийх вэ?" гэсэн тааварт сурталчилгаа нийтлэгджээ. Энэ асуултыг гудамжид яваа иргэдэд тавьтал “Мөрөөдөл байлгүй дээ”, “Үнэхээр тийм зүйл болбол орон сууцны зээлээсээ хамгийн түрүүнд гарна”, “Сургууль, цэцэрлэг барина”, “Гэр хорооллын янданг цөөлөхөд зориулна” гэхчлэн хариулсан юм. Гэхдээ иргэдийн олонх нь гайхсан байдлаар хүлээн авч, хэр хэмжээний мөнгө билээ гэж алмайрна.

ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл хүсэгчдийн олонх нь хэдэн сая төгрөгийн зээл хүсдэг. Тэрбумаар хэмжигдэх эргэлтийн зээл хүссэн аж ахуйн нэгж тун цөөн. Тэд өнөөх хэдэн сая төгрөгөөрөө ажлын байр бий болгож, бизнесээ өргөжүүлэх төлөвлөгөөтэй. Хөшигний ард явагддаг ЖДҮ-гээс илүүтэй “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт оролцогчдын олонх нь мөн л саяар хэмжигдэх хөрөнгө оруулалт хүсч орж ирдэг.

Ямартаа өнгөрсөн онд тус нэвтрүүлэг хоёр сарын турш 12 төсөлд 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Жишээ нь, 2011 оноос хүүхдийн, уулын, ачааны унадаг дугуй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргэнцэр, дөрвөн дугуйтай мотоцикл, үйлдвэрлэж эхэлсэн “Никель Ганбаа” брэндийг үүсгэн байгуулагч Г.Дашням компанийнхаа 16 хувийг санал болгож 253 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хүссэн. Түүнд “Шарк” Н.Цэлмүүн, Л.Чинбат, Г.Амартүвшин, С.Ариунболд нар 253 сая төгрөгийн хөрөнгө оруулж, компанийн 49 хувийг эзэмших болсон гэхчлэн нэрлэж болно.

Энэ мэтчилэн гарааны бизнесээ эхлүүлсэн, хөрөнгө оруулалт үгүйлсэн олон хүн эл нэвтрүүлэгт оролцдог. Яг үүнтэй ижил ЖДҮ-гээс зээл хүссэн олон арван өргөдөл бий. Тийн атал өнөөх зээлийн гурав нь л жинхэнэ ЖДҮ-чдэд хүрсэн эмгэнэлтэй баримтыг Баялаг бүтээгчдийн холбоо олон нийтэд дэлгэсэн.

Шинэ санаа, шийдэл байгаад хөрөнгөгүйн улмаас мөхсөн олон төсөл хөтөлбөр бий. Сүүлийн үед залуусын олонх нь ажил хөдөлмөр эрхлэж, шинэ санаа шийдэл олохоосоо илүүтэй улс төрд орох, хэн нэгний цүнхийг барих замаар дээшээ гарахыг чухалчилдаг болсон нь ч үүнтэй холбоотой. Хэрэв тэдэнд өнөөх тэрбум төгрөг байсан бол ажилгүй залуучуудын тоо хэдэн арваараа цөөрч, ядуурлын хэмжээ тэлэхгүй байх байлаа.

Ер нь ЖДҮ-гийн зээлийг Шарк танк шиг ил хийчихдэг болвол зүгээр юм биш үү.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү