УИХ-ын гишүүн Б.Ундармаагаас болж иргэд тэтгэвэр тэтгэмжээ авч чадахгүй байна


2019-01-07 14:13:20

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий “Капитал” банк ЖДҮХ сангаас долоон хувийн хүүтэй, 48 тэрбум төгрөгийн зээлийг авсан баримт дэлгэгдсэн юм.

Үүнээс үүдээд өнгөрсөн сард тус банкинд АТГ-аас шалгалт орсон. Мөн өнгөрсөн 12 сараас эхлэн  “Капитал” банкаар дамжин иргэдэд олгогддог тэтгэвэр, тэтгэмжийг бусад банкууд руу шилжүүлэн олгож эхэлсэн билээ. Тиймээс “Капитал” банкнаас тэтгэвэр, тэтгэмжээ авдаг иргэд цалин тэтгэврээ авч чадахгүй банкны хаалга мөргөсөөр удаж байна. Нэг үгээр хэлбэл сар бүрийн 1-нд тус банкаар дамжуулан тэтгэвэр, тэтгэмжийн мөнгөө авдаг хөгшчүүл гар хоосон буцаж, удахгүй болох сар шинийн баяртаа ч бэлдэж чадахгүй болоод байгаа юм.

Гэтэл настнуудыг ингэж өвлийн хүйтэнд банкнаас банкны хооронд гүйх хооронд Б.Ундармаа гишүүн төрийн ордонд дулаахан байрандаа энэ бүхэн надад огтхон ч хамааралгүй хэмээн гүрийгээд сууж байх.

“Капитал” банк нь ЖДҮХС-т ай гэрээ байгуулан 2011, 2016 онуудад зээл авсан байдаг. Улмаар 2017 оны 10 сарын 10-ны өдөр Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч, ХХААХҮ-ийн сайдын үүрэг гүйцэтгэгч, Капитал банкны гүйцэтгэх захирал гурав  хамтарсан гэрээ байгуулсан. Хамгийн ноцтой нь энэ гэрээ нь 2011 оны зээлийн гэрээний үлдэгдэл 28 тэрбум, 2016 оны зээлийн гэрээний үлдэгдэл 17 тэрбум төгрөг, энэ хоёр гэрээний хуримтлагдсан алданги гэж хоёр тэрбум төгрөг нийлээд 48 тэрбум 447 сая төгрөгийг жилийн долоон хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс нэг жилээр чөлөөлөгдөх, алданги нь 0.014 хувь байх заалттай байдаг.  Мөн тус гэрээний хамгийн эхэнд төсвийн тухай хуулийн 38.1.10, Монгол Улсын Засгийн газрын хуралдааны 2017 оны 10 сарын 3-ны өдрийн 43 дугаар тэмдэглэлийг үндэслэн гэж бичсэн. Гэтэл 43 дугаар тэмдэглэл дээр нь энэ гэрээний талаар огт дурдаагүй байсан гэх юм билээ.

Өнөөдөр банкаар дамжуулан иргэдэд өгч байгаа зээлийн хүү хэд билээ. Б.Ундармаа гишүүн дундаас нь хэдэн хувийн ашиг хийсэн байх вэ гэдэг асуулт урган гарч байгаа юм.

Энэ бүхнээс харахад Б.Ундармаа гишүүнийг ЖДҮХС-гаас мөнгө авсан үйлдлийг мөнгө угаасан гэхээс аргагүй. Учир нь тэрбээр хөдөлмөр эрхлэх гэж хүсэж байгаа жирийн иргэдэд очих ёстой бага хүүтэй мөнгийг авч, өөрийн “Капитал” банкаараа дамжуулан “мөнгө угаасан” гэх хэрэгт холбогдоод байгаа талаар хуулийн байгууллагынхан хэлж байгаа.   Хэрэв түүний мөнгө угаасан нь батлагдвал эрүүгийн хариуцлага хүлээх тухай асуудал яригдана. Яагаад гэвэл мөнгө угаах өөрөө гэмт хэрэг. Бас ЖДҮХС-гаас зээл авсан нь ЖДҮ-ийн тухай хуулийн 8.1-д заасан банк болон банк бус санхүүгийн байгууллагыг жижиг дунд үйлдвэрлэл гэж үзэхгүй гэсэн заалтыг ил цагаанаар зөрчиж байгаа явдал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү