Асгат, Салхит, Цагаан эрэгийн ордыг сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулахыг үүрэгдлээ


2019-01-07 14:26:41

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр УУХҮЯ, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар, “Эрдэнэс МГЛ” болон “Монросцветмет” компанийн удирдлагыг хүлээн авч уулзаж, үүрэг даалгавар өгсөн байна. Уг уулзалтаар гурван асуудал хэлэлцжээ. Энэ үеэр Асгатын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг "Эрдэнэс Монгол"-ын мэдэлд шилжүүлэхээр ярилцжээ. Энэ асуудлыг ирэх Лхагва гаригт Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх аж. Мөн Ховд аймгийн Цэцэг сумын нутагт орших Цагаан эргийн орд газрыг хамгаалалтад авах, вольфрамын нөөцийг тогтоохыг УУХҮЯ болон, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын удирдлагуудад үүрэг болгожээ. Тус газарт голын гольдрол өөрчлөн, хууль бусаар вольфрам олборлож, хил давуулсан хэргийг хууль, хяналтын байгууллагынхан тогтоон шалгаж буй юм. 

 Түүнчлэн энэ долоо хоногт багтаан Асгат, Салхит, Цагаан эрэгийн ордыг хэрхэн ашиглах талаар төлөвлөгөөгөө танилцуулж, сар шинийн баяраас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж эхлэхийг үүрэг болгосон байна.

Орд газрууд гурван сая хүний өмч. Иймээс өгөөжийг нь ард иргэдэд хүртээх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллахыг сайд Г.Занданшатар “Эрдэнэс МГЛ” компанийн удирдлагад онцгойлон анхааруулж, нэг сарын хугацаанд тодорхой ажил хийхгүй бол хариуцлага тооцно гэдгийг сануулав.

Үүний зэрэгцээ Ашигт малтмал, газрын тосны Хэрэг эрхлэх  газар өнөөдрийн дотор импортлогч аж ахуйн нэгжүүдийн удирдлага, төлөөлөлтэй уулзаж шатахууны үнийг бууруулах талаар санал солилцон, эргэж танилцуулахыг үүрэг болголоо.

Цаашид шатахууны төлбөрийг рублээр тооцох, урт хугацааны форвард хэлцэл хийж үнийг тогтвортой байлгах боломжийн талаар ОХУ-ын талтай ярилцахыг чиглэл болгов. Судалгаанаас үзвэл өнгөрсөн онд шатахууны үнэ 350 төгрөгөөр өссөн байна. Хилийн үнэ буурсан энэ үед үнэ 350 төгрөгөөр эргэж буурах боломжтой гэж үзжээ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү