Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гомдол гаргалаа


2019-01-09 10:14:11

 “Улс төрийн үймээн дунд ЖДҮХС-гийн асуудал мартагдах нь. Тиймээс эргэн сануулах зорилгоор бид өнөөдөр хэвлэлийн хурал хийж байна” хэмээн Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирал Б.Батдэлгэр мэдээлэл хийж байгаа шалтгаанаа тайлбарласан.

ЖДҮХС-гаас зээл авсан зарим гишүүд зээлээ бүрэн төлж барагдуулжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Н.Оюундарь, Г.Солтан, Я.Содбаатар, А.Сүхбат нарын гишүүдийн хамаарал бүхий компаниуд зээлээ бүрэн төлсөн. Харин Б.Ундармаа гишүүн өнгөрсөн жил авсан 800 сая төгрөгийн зээлээ бүрэн төлжээ. Мөн УИХ-ын гишүүн О.Батнасангийн хамаарал бүхий компани 250 сая төгрөг, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү гэгдээд буй У.Давхарбаярын “Жаргалант Мах импекс” ЖДҮХС-гаас авсан зээлийнхээ 100 сая төгрөгийг тус тус төлсөн гэнэ. Гэхдээ яам, агентлагт ажиллаж байсан өндөр албан тушаалтнууд одоогоор зээлээ эргэн төлөөгүй аж. 

Тус сангийн эргэн төлөлтөөр 30-40 тэрбум төгрөг цугларсан байгаа гэнэ. Гэтэл 2018 оны арванхоёрдугаар сарын 26-нд Бонд нэрийн дор 19 тэрбум 870 сая төгрөгийг нь Сангийн яам татсан. Энэ ямар учиртайг тодруулах ёстой гэдгийг тэрбээр онцолсон юм. 

Мөн тус холбоо Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гомдол гаргахаар болжээ. Учир нь нэр бүхий яамд болон Капитал банктай байгуулсан нууц гэрээг цуцалж өгөхийг хүссэн аж. Энэ талаар тэрбээр “2016 оноос өмнө ЖДҮХС-гийн зээлийг арилжааны банкуудаар олгодог байсан. Ингэхэд Капитал банктай 2011 онд таван жилийн хугацаатай гэрээ хийсэн, мөн 2016 онд гэрээ байгуулсан.  Энэ гэрээний хугацаа дуусах үеийн үлдэгдэл нь 46 тэрбум төгрөг бөгөөд гэрээний хугацаа дуусмагц ЖДҮХС-д орох ёстой байв. Гэвч тус банк мөнгөө өгөөгүй.

Харин 2017 оны аравдугаар сарын 15-нд Сангийн яам, ХХААХҮЯ болон тус банк нууц гэрээ хийж, өмнөх гэрээгээ хүчингүй болгосны дээр алданги тооцоход хоногийн 0.014 хувь байхаар заасан байгаа.Энэхүү гэрээг АТГ-д хандан шалгуулж байгаа” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү