Хувьцааны ногдол ашгийг дөрөвдүгээр сараас олгоно


2019-01-09 12:06:18

Иргэн бүрийн халаасан дахь 1072 ширхэг хувьцаа ирэх дөрөвдүгээр сар гэхэд амь орж, ашгаа өгч эхлэх болсон талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.

 

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаанаас эзэмшиж буй нийт иргэдийн 1.3 сая орчим нь өнөөдрийг хүртэл хувьцааны нэрийн дансаа нээлгээгүй байгаа аж. “1,072 мэдээллийн төв” нээгдсэнээр 2018 оны тавдугаар сараас хойш 500,000 гаруй иргэн хувьцааны нэрийн дансаа нээлгэжээ. Хэрэв тус компани ногдол ашиг тараахаар болбол хувьцааны данстай иргэдийн дансанд мөнгө нь шууд орох юм байна.   

IPO хийх бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдсан талаар мөн мэдээлэв. Одоо хөрөнгө оруулах таван банкаа сонгоод аудитын компаниа шалгаруулчихвал УИХ-д танилцуулахад бэлэн болжээ. Эхний байдлаар "Эрдэнэс Тавантолгой" компанийн 30 хувийг Хонконгийн хөрөнгийн биржид гаргах бөгөөд Нью-Йоркийн хөрөнгийн биржид давхар бүртгэлээр гаргах боломжтой хэмээн үзэж байгаа аж. 

“Эрдэнэс Тавантолгой” компани төмөр замыг үргэлжлүүлэн тавьж, нүүрс угаах үйлдвэр байгуулах зэргээр үр ашгаа дээшлүүлэх хүрээнд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө шаардлагатай байгаа бол улсын хэмжээнд хийгдэх дэд бүтцийн хүрээнд хоёр тэрбум ам.доллар босгоно хэмээн тооцоолжээ. 

Компани 2018 онд санхүүгийн болон хүний нөөцийн бодлого, засаглалаа сайжруулж, нөөцөө шинэчлэн тогтоолгож, IPO хийх бэлтгэлийг бүрэн хангасан хэмээн үзэж байна. ЖОРК стандартаар “Эрдэнэс Тавантолгой” 7.3 тэрбум тонн нүүрсний нөөцтэй болохоо Эрдэс баялгийн зөвлөлөөр батлуулжээ. Тиймээс дээр дурдсан хөрөнгийг босгох бүрэн боломжтой хэмээн олон улсын санхүүгийн байгууллагууд үзэж байгааг Б.Ганхуяг дурдсан юм.

"Эрдэнэс-Тавантолгой" ХК түүхэндээ 45.8 сая тонн нүүрс олборлож, нийт хугацаанд 4.6 их наяд төгрөг буюу 2.1 тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажилласнаас 2017, 2018 онуудад 3.1 их наяд төгрөг, үүнээс 2018 онд 1.99 их наяд төгрөгийн орлоготойгоор 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрийг бүрэн төлж дуусгалаа.

Зөвхөн 2018 онд улсын төсөвт 510 тэрбум төгрөг төвлөрүүлж, компанийн цэвэр ашгийг 335 тэрбум төгрөг байхаар төлөвлөснийг 720 тэрбум төгрөгт хүргэж төлөвлөгөөг 2.1 дахин давуулан биелүүлжээ.

2016 оны нэгдүгээр улиралд "Чалко" компанид нэг тонн нүүрсийг 24.97 ам.доллар нийлүүлж байсан бол 2017 оны эхний улиралд 59.33 ам.доллар, 2018 оны хоёрдугаар улиралд 61.0 ам.доллар, 2019 оны нэгдүгээр улирлаас 63.32 ам.доллар болгож нэмэгдүүлснээр үнийг 2 5 дахин өсгөсөн үзүүлэлт гаргасан байна. 

Харин Цанхийн баруун уурхайн 2016 оны нэгдүгээр улиралд 23.2 ам.доллар байсан үнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар 71.25 ам.доллар болгон нэмэгдүүлж, коксжих нүүрсний 20 гэрээ, исэлдсэн нүүрсний 7 гэрээг тус тус байгуулсан нь өндөр үр ашигтай ажиллах суурь нөхцөлийг бүрдүүлсэн.

Мөн 2018 оны наймдугаар сарын 26-нд ордын нөөцийн нэгдсэн тайланг ЭБМЗөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбумд хүргэн тооцуулснаар Жорк стандартад шилжсэн дүнгээр 8 тэрбум тонн буюу түүнээс дээш хэмжээний нөөцтэй байх боломжтойгоор шийдвэрлүүлээд байна.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, ЗГ-аас компанийг олон улсын зах зээлд IPO гаргах үүргийг өгснөөс хойш ордыг ашиглах ТЭЗҮ-ийг бүрэн боловсруулж, дэд бүтцийн төслүүд-(НБҮ, усан хангамж, төмөр зам, авто зам, ЦСтанц)-ийг хөдөлгөх тооцоо, судалгааг хийж, зарим ТЭЗҮ-ийг батлуулахад бэлэн болгож, олон улсын 4 зөвлөх, нэмэлтээр санхүүгийн байгууллага, шинжээчидтэй хамтрах ажлуудыг зохион байгуулах зэргээр төслийн нэгдүгээр шатанд хийгдсэн ажлын тайланг УИХ-д мэдээлж, танилцуулахад бэлэн боллоо.

Компанийн засаглалыг сайжруулах, ил тод, нээлттэй байдлыг бий болгох зорилгоор Эрдэмтдийн зөвлөл, Олон нийтийн зөвлөлийг дэргэдээ байгуулж Төрийн бус байгууллагуудтай бүх түвшинд хамтран ажилласан байна. Мөн 2018 оны 5 дугаар сард байгуулагдсан "1,072 хувьцаа мэдээллийн төв"-өөр дамжуулан давхардсан тоогоор 1.25 сая иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгч, 500 мянга гаруй иргэд үнэт цаасны дансаа нээлгэх боломжийг бүрдүүлж өглөө.

2018 онд ажилчин, уурхайчдынхаа цалинг 21 хувиар ХАБ-ын нэмэгдлийг 30 хувиар, шенийн нэмэгдлийг 50 хувиар тус тус өсгөж, урамшуулалт болон үндсэн цалингийн санг нэмэгдүүлж, хүүхэд асарч буй эхчүүдэд cap бүр тэтгэмж олгодог болсан талаар тэрбээр танилцуулгадаа онцлов.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү