Экспорт 1093.6 сая ам.долларт хүрчээ


2019-03-13 11:28:34

Гадаад худалдааны нийт бараа эргэлт энэ оны эхний 2 сарын гүйцэтгэлээр 1931.1 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.4 хувиар буюу 366.7 сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 256.1 сая ам.доллараар  эерэг гарсан байна.

Монгол улс эхний 2 сард дэлхийн 111 улстай худалдаа хийснээс 47 улсад бараагаа экспортлож, 109 улсаас гарал үүсэлтэй барааг импортложээ.

Харин экспорт 1093.6 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 255.2 сая ам.доллараар буюу 30.4 хувиар өссөн байна. Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 11 хэсгийн барааны үнийн дүн өссөн байна. Эрдэс бүтээгдэхүүний экспорт  135.6 сая ам.доллараар,  сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс хэсэгт багтах барааны экспорт 123.5 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 7.1 сая ам.доллараар тус тус өссөн нь экспортын өсөлтөд голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүний экспортын хувьд төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг  уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.4 хувь буюу нийт экспортын 74.3 хувийг эзэлж байгаа аж.

2019 оны эхний 2 сард 332.4 сая ам.долларын 4.0 сая тонн чулуун нүүрс  экспортолсоныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал үнийн дүнгээр 90.2 сая ам.доллараар, тоо хэмжээний хувьд 876.4 мянган тонноор тус тус их байна. 2018 оны мөн үед 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 76.9 ам.доллар байсан бол энэ онд 82.6 ам.доллар болж өсчээ. Чулуун нүүрсний 97.9 % БНХАУ руу гаргасан байна.

2019 оны эхний 2 сард 229.4 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 24.3 тонноор их байгаа ба хилийн дундаж үнэ 1338.7 ам.доллараас 1347.2  ам.доллар болж 8.4 ам.доллараар өссөн байна. 2018 оны эхний 2 сард зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 274.6 сая ам.доллар байсан бол тайлант сард 309.1 сая ам.доллар болжээ.

Боловсруулаагүй нефтийн экспорт 1011.4 мянган баррель буюу 53.0 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 1.5 мянган баррелаар их, үнийн дүнгээр 9.6 сая ам.доллараар бага байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 62.0 ам.доллар байсан бол тайланд хугацаанд 52.4 ам.доллар болж буурчээ.

Төмрийн хүдрийн экспорт  1181.4 мянган тонн буюу 52.2 сая ам.долларт хүрсэн байна. 2018 оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 249.1 мянган тонноор, үнийн дүн нь 12.6 сая ам.доллараар тус тус өсчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 44.2 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.7 ам.доллараар өссөн байна.

Цайрын баяжмал:  2019 оны эхний 2 сард 24.6 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1397.8 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хилийн дундаж үнэ 360.0 ам.доллараар буурсан байна. Цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 34.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 2.7 сая ам.доллараар буурчээ.

2019 оны эхний 2 сард 23.3 сая ам.долларын 69.2 мянган тонн жонш экспортлосон нь 2018 оны мөн үеийн гүйцэтгэлээс 19.7 мянган тонноор, үнийн дүнгээр 7.7 сая ам.доллараар тус тус өссөн байна. Жоншны экспортын дундаж үнэ 337.6 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.9 ам.доллараар өссөн байна. Жоншийг БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортлосон ба 31.9 хувь ОХУ-д, 67.0 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.

Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 8.2 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 сая ам.доллараар өссөн байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 6407.5 ам.доллараас 8761.6 ам.долларт хүрч, 2354.1 ам.доллараар өсчээ. 2019 оны эхний 2 сард 935.9  тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 13.2 тонноор бага байна. Молибдены баяжмалын 83.8 хувийг БНХАУ-руу гаргасан байна.

Бусад барааны экспорт

2019 оны эхний 2 сард 4665.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 2969.2 кг-аар их байна. Алтны экспортын дундаж үнэ 2018 оны мөн үед 42561.6  ам.доллар байсан бол энэ онд 41998.0 ам.доллар болж 563.6 ам.доллараар багассан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 195.9 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 123.7 сая ам.доллараар өсчээ.

2019 оны эхний 2 сард 4.2 мян.тонн адууны мах,  544.6 тн хонь, ямааны мах, 243.8 тн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна.

Экспортын бүтцийг 2-р сарын байдлаар авч үзвэл, нийт экспортын 75.5 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 17.9 хувь алтны экспортод, 2.3 хувь нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспортод тус тус  ногджээ гэж Гаалийн Ерөнхий газраас мэдээллээ.

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү