“Капитал”-ыг албан ёсоор татан буулгав


2019-04-09 12:52:49

“Капитал” банк үүдээ барив. Энэ талаар Төв банк шийдвэр гаргаж, тус банкийг албадан татан буулгахаар боллоо. “Капитал” банкны үйл ажиллагаа доголдож буй талаар өнгөрсөн оны сүүлчээр цөөнгүй мэдээлэл эх сурвалжуудаас гарч байсан. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өнгөрсөн оны IV улиралд арилжааны банкуудын өрсөлдөөний тоймыг гаргасан. Судалгаагаар тус банкыг  тооноос хасч, 14 биш 13 арилжааны банкны үзүүлэлтүүдийг тоймлосон билээ. Товчхондоо бол “Капитал” хаалгаа барих тухай мэдээлэл санхүүгийн салбарынхны хувьд шинэ мэдээлэл биш байсан гэхэд болно. Монголын банкны салбарын нийт хөрөнгө өнгөрсөн оны IV улирлын байдлаар 33.1 их наяд төгрөгөөр хэмжигдсэн. Тэгвэл үүний 1.1 хувь буюу 334.3 тэрбум төгрөгийг “Капитал” банк бүрдүүлж байсан. Улмаар манай банкны салбарын тухайд хоёр шатлалт банкны тогтолцоо бий болсноос хойшхи хугацаанд буюу 1990-2011 онд нийт 31 банк байгуулагдаж байснаас, 15 нь дампуурч, хоёр  банк нь нэгдсэн байдаг. Тэгвэл тус банкны тухайд хуримтлагдсан алдагдал нь 380 тэрбумд хүрч, нийт олгосон зээлийн багцынх нь 80 хувь буюу 208 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд орсон учраас цаашид санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулах чадамжгүй хийгээд эрхгүй болсон тул Төв банкнаас албадан татан буулгах шийдвэр гаргаж, эрх хүлээн авагчийг томиллоо.

Банк хаалгаа барилаа гэхээр хамгийн түрүүнд хадгаламж эзэмшигчдийн хадгалуулсан мөнгөний аюулгүй байдал яригдана. Тэгвэл Монгол банкны Ерөнхийлөгчийн гаргасан тушаал, шийдвэртэй холбогдуулан Хадгаламжийн даатгалын корпорациас “Капитал” банкны хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох тухай шийдвэр гаргаад байна. “Капитал” банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 хүртэл сая төгрөгийн мөнгөн хөрөнгө даатгагдаж, хамгаалагджээ. Тиймээс Хадгаламжийн даатгалын корпораци “Капитал” банкин дахь харилцах, хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөрийг “Хаан” банкаар дамжуулан олгохоор болов. Тус банкинд иргэн, аж ахуйн нэгжийн давхардсан тоогоор 256 мянган хадгаламжийн данс бүртгэлтэй байгаа аж. Тэгвэл тэдгээрийн 99.5 хувь нь Хадгаламжийн даатгалын корпорацид даатгагдсан юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү