Төвийн бүсийн ажилчдын сарын дундаж цалин 983.4 мянган төгрөг


2019-06-13 14:37:16

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны 1 дүгээр улиралд нийт 40.6 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 643.2 мянган ажиллагчид хамрагдсан байна. Шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.8 мянгаар, ажиллагчид өмнөх оны мөн үеэс 41.1 мянгаар тус тус нэмэгджээ. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан эдгээр ажиллагчдын 62.9  мянга нь 320000 төгрөг хүртэлх цалинтай, 83.5 мянга нь 320001-500000 төгрөгийн цалинтай, 209.8 мянга нь 500001-900000 төгрөгийн цалинтай, 144.2  мянга нь 900001-1300000 төгрөгийн цалинтай, 35.5  мянга нь 1300001-1500000 төгрөгийн цалинтай, 107.3  мянга нь 1500001 төгрөгөөс дээш цалинтай байна.

Ажиллагчдыг цалин хөлсний бүлгээр авч үзэхэд өмнөх улирлаас 500001-900000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.6 мянгаар буурсан бол 1100001- 1300000 төгрөгийн цалинтай ажиллагчид 3.8 мянгаар, 1500001 төгрөг ба түүнээс дээш цалинтай ажиллагчид 4.0 мянгаар нэмэгдсэн байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, Баруун бүсэд 784.9 мянган төгрөг, Зүүн бүсэд 890.5 мянган төгрөг, Төвийн бүсэд 983.4 мянган төгрөг, Хангайн бүсэд 1010.2 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 147.7-373.0 мянган төгрөгөөр бага байна. Харин Улаанбаатар хотод ажиллагчдын сарын дундаж цалин 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 121.6 мянган төгрөгөөр их байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдынх хамгийн их буюу 2.8 сая төгрөг, харин зочид буудал, байр, сууц болон нийтийн хоолны үйлчилгээний салбарынх хамгийн бага буюу 729.9 мянган төгрөг байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчдын 99.3  мянга нь боловсролын салбарын, 77.3  мянга нь бөөний болон жижиглэн худалдаа; машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарын, 73.8  мянга нь төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарын, 68.0  мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарын, 41.8 мянга нь хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарын, 40.1 мянга нь барилгын салбарын, 36.6  мянга нь уул, уурхай олборлолтын салбарын, 34.9 мянга нь тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарын ажиллагчид хамрагдсан бол үлдсэн 26.7 хувийг бусад салбарын ажиллагчид эзэлж байна.

Ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 706.0 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 893.1 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 999.5 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 1.1 сая төгрөг, 200 ба түүнээс дээш ажиллагчтайнх 1.7 сая төгрөг байна.

Ажиллагчдын сарын дундаж цалинг ажил, мэргэжлийн ангиллаар авч үзэхэд 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар суурин төхөөрөмж, машин механизмын операторч, угсрагчийн сарын дундаж цалин хамгийн их буюу 1.4 сая төгрөг, харин ХАА, ой, загас агнуурын мэргэшсэн ажилтных 603.1 мянган төгрөг буюу хамгийн бага байна.

Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2019 оны 1 дүгээр улирлын байдлаар 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 159.5 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 37.6 мянган төгрөгөөр нэмэгджээ. Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өмнөх оны мөн үеэс 159.5 мянган төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын дундаж цалин 382.6 мянган төгрөг, олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарынх 279.9 мянган төгрөг, үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагааны салбарынх 264.4  мянган төгрөг, санхүүгийн болон даатгалын үйл ажиллагааны салбарынх 249.6 мянган төгрөг, барилгын салбарынх 219.0  мянган төгрөг, төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын салбарынх 177.5 мянган төгрөг, боловсролын салбарынх 167.8 мянган төгрөг, хүний эрүүл мэнд ба нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбарынх 163.5 мянган төгрөг, хүн хөлслөн ажиллуулдаг өрхийн үйл ажиллагааны салбарынх 137.4  мянган төгрөг, удирдлагын болон дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны салбарынх 132.4  мянган төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх 130.8 мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Байгууллагын хариуцлагын хэлбэрээр авч үзэхэд төрийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдын сарын дундаж цалин 1.4 сая төгрөг, хувьцаат компанид болон хязгаарлагдмал хариуцлагатай компанид ажиллагчдын сарын дундаж цалин 1.3 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 120.8- 292.0 мянган төгрөгөөр их байна. Харин орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт ажиллагчдынх 896.9 мянган төгрөг, төрийн бус байгууллагад ажиллагчдынх 910.7 мянган төгрөг, төсөвт байгууллагад ажиллагчдынх 914.7 мянган төгрөг, хоршоонд ажиллагчдынх 548.5 мянган төгрөг байгаа нь улсын дунджаас 243.2-609.4 (21.0%-52.6%) мянган төгрөгөөр бага байна.

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 643.2 мянган ажиллагчдын медиан цалин нь 827.8 мянган төгрөг байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү