Г.Амартүвшин: Хөгжлийн банк зээл олгохдоо төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг харгалзаж үзнэ


2019-07-04 17:49:45

Хөгжилд чөдөр тушаа болсон аж ахуйн нэгжийн толгойг илж, тосонд умбуулахгүй гэдгийг Хөгжлийн банкны үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод удаагүй байгаа Г.Амартүвшин мэдэгдлээ. Хөгжлийн банкны үйл ажиллагааг чангаасан чанаргүй томоохон зээлдэгчдийг Засгийн газрын ээлжит шалгалт, мөн Үндэсний аудитын газрын шалгалтаар олон нийтэд ил болгосон. Улмаар тэдний асуудлыг яаралтай, үр дүнтэй шийдвэрлэх даалгаварыг Хөгжлийн банкны удирдлагуудад үүрэгдсэн билээ.

Энэ хүрээнд Хөгжлийн банк чанаргүй зээлдэгчдийн асуудлыг нэн тэргүүнд хэлэлцэж, авах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна. Эл асуудлын хүрээнд Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Засгийн газраас өгсөн үүрэг даалгаварын хэрэгжилт хэр хангагдаж байгаа вэ?

-Хөгжлийн банк энэ оны  эхний улирлын байдлаар нийт актив 4 их наяд 244 тэрбум төгрөг, өөрийн хөрөнгө 1.138 их наяд, пассив 3.106 их наяд төгрөг грэсэн үзүүлэлттэй гарсан. Харин тайлант хугацааны байдлаар нийт зээлийн үлдэгдэл 2.577 их наяд, эрсдлийн санд 336 тэрбум төгрөг байгаа бол чанаргүй зээлийн хэмжээ 292 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Засгийн газрын шалгалтаар илэрсэн чанаргүй, том зээлүүдийг хэрхэн шийдэх, Хөгжлийн банкны санхүүжилт, төсөл хөтөлбөрт тавигдах шаардлага, зээлийн багцын чанарыг яаж сайжруулах вэ гэдэг гурван асуудалд төвлөрч ажиллаж байна. Хөгжлийн банк дотоод үйл ажиллагааны хүрээнд зээлийн бодлогыг шинэчлэн, журамдаа өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна. Мөн чанаргүй зээлтэй ажиллах тусгай активын нэгжийн бүтэц, чиглэлийг шинэчлэх, зөрчилтэй зээл хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох, нэгдсэн удирдлага менежментээр хангах төлөвлөгөө бий.

-“Капитал” банк, “Эрэл” гэхчлэн хэд хэдэн томоохон зээлдэгчид Хөгжлийн банкны хөгжилд чөдөр тушаа болж байгаа асуудал сүүлийн хэдэн жил яригдаж байна. Чанаргүй зээлдэгчдэд ямар арга хэмжээ ойрын хугацаанд авч ажиллах вэ?

-Хэд хэдэн чанаргүй томоохон зээлдэгчид бий. Эдгээр том зээлийг шийдэх хүрээнд шат дараатай арга хэмжээ авч ажиллаж байна. Тухайлбал, “Эрэл” компанид олгосон зээлийг эргэн төлүүлэх хүрээнд Засгийн газрын хамтарсан комисс байгуулж, хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байгаа. Хэрэв энэ судалгаа үр ашиггүй байвал шүүхийн зарчмаар шийднэ.

-”Эрэл” дээр хамтарсан компани байгуулах асуудлыг судалж байгаа гэж та хэллээ. Заавал хамтарсан компани байх шаардлага, үндэслэл юу вэ? 

-”Эрэл”-тэй холбоотой заавал хамтарсан үйлдвэр байгуулах үүрэг чиглэл байхгүй. Энэ хувилбарыг судалж буй шалтгаан нь тус үйлдвэр чанартай, герман технологи суурилуулчихсан, стратегийн хувьд хэрэгтэй үйлдвэр гэж үзсэн. Санхүүгийн хувьд ирээдүй нь ямар вэ гэдэг нь чухал.  

Хөгжлийн банкнаас “Эрэл” компани 132 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байгаагаас үндсэн зээл нь 100 тэрбум, үлдсэн нь хуримтлагдсан хүү. Энэ зээлийн үлдэгдлийг ямар байдлаар, хэдий хугацаанд төлүүлэх вэ гэдэг дээр ажиллаж байна. Хэрэв судлаад эргэлзээтэй байвал дээр хэлсэнчлэн шүүхээр шийднэ. 

-”Эрэл” групп хэдэн төгрөг аваад хэдийг нь төсөлдөө зарцуулсан бэ? Бага хэмжээг нь л төсөлд зарцуулаад үлдсэнээр нь гадаадад мөрийтэй тоглосон гэсэн мэдээлэл байна. 

-Дийлэнх нь төсөлдөө орсон байсан. Гадаад явж тоглосон гэдгийг хариулж мэдэхгүй,  шаардлагатай бол хуулийн байгууллагаас хариу авна. Одоогоор дийлэнх мөнгө төсөлдөө орсон. Харин явцын дунд төслийн өртөг маш их нэмэгдсэн. Энэ бол үнэн.

-“Мон лаа” компанийн хувьд шүүхийн шатанд яваа байх аа?

-“Мон лаа” компанийн хувьд шүүхийн шатанд Хөгжлийн банктай эвлэрлийн гэрээ байгуулж, эхний төлөлтөө хийсэн. Энэ онд зээлээ бүрэн төлж дуусгахаар болсон.

-“Хөтөл” компанийн ашиглалтад орсон үйлдвэрийг улсын комисст хүлээлгэн өгөх асуудал хэр нааштай байгаа вэ?

-Улсын комисст хүлээлгэн өгөх ажил явагдаж байгаа. Комисс хүлээн авбал Хөгжлийн банкны барьцаанд авахаар ажиллаж байна. Хэрэв зээлийн барьцаа хөрөнгийг сайжруулах энэ ажил удааширвал мөн шүүхийн шугамаар шийднэ.

-ОУВС арилжааны банкуудын өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх үүрэг өгсөн. Гэтэл нэг банк Хөгжлийн банкнаас зээл авч өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн гэсэн мэдээлэл байна. Хэрэв үнэн бол яагаад ийм зээл өгсөн юм бэ?

-Хөгжлийн банкнаас эх үүсвэр аваад банкинд өөрийн хөрөнгө оруулсан гэсэн асуудлыг сайн мэдэхгүй. Нэг сарын дотор тийм гараагүй нь тодорхой. Одоогоор тийм том зээл байхгүй.  Хөгжлийн банкнаас өөрийн мэдэлд байгаа чөлөөт эх үүсвэр 900 тэрбум төгрөг. Энэ мөнгийг аль болох ашигтай хувилбараар байршуулах вэ гэдэг дээр ажиллана. Зээлийн багцад оруулах нь ашигтай.

Журамдаа оруулж буй бас нэг өөрчлөлт нь арилжааны банкуудад байршуулсан мөнгийг заавал барьцаатай, харилцан хадгаламж хэлбэрээр, эсвэл үнэт цаас хэлбэрээр байршуулахаар болсон. “Капитал” банкны сургамжаас үүдэн ийм өөрчлөлт хийсэн. 

асгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкнаас зээл авсан 7-8 компани огт зээлээ төлөөгүй гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар тодорхой тайлбар хийхгүй юу?

-Зарим нь зээлээ төлж байгаад тодорхой хугацааны дараа больсон байна билээ. Харин зарим нь зээлийн бүтэц хэт богино хугацаатай байсан тул хугацааг нь сунгасан. Үйл ажиллагаа явуулдаг бодит компани байна уу гэвэл бий. Бид аль болох нөхцөлийг нь  өөрчлөөд зээлийг төлүүлэх талаар ажиллаж байна.

-Хөгжлийн банкны нийт хэдэн төгрөг арилжааны банкуудад байна вэ? 

-440 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаас, 300 тэрбум төгрөгийн хадгаламж, тэр дотроо дамжуулан зээлдсэн мөнгө орсон байгаа. 

-Дээр дурдсан компаниудын зээлийн үлдэгдэл хэд байгаа вэ?

-”Хөтөл” компанийн үлдэгдэл 236 тэрбум, “Мон лаа” 8.3 тэрбум төгрөг.

-Та өөрийн удирдаж байсан Хас банкинд давуу тал бий болгох ашиг сонирхлын зөрчлийн хууль үйлчлэх үү?

-Би “Хас банк”-д ямар ч давуу тал бий болгохгүй нь тодорхой.

-Хөгжлийн банкнаас олгосон зээл эргэн төлөгддөггүй гэх явган яриа бий. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Хөгжлийн банкнаас олгосон зээл олгогддоггүй гэдэг нийгэмд үүссэн ташаа ойлголтыг залруулах, зээлийн хариуцлагыг нэмэгдүүлэх хүрээнд хуулийн болоод бодлогын шаардлага хангасан төсөл хөтөлбөрт санхүүжилт олгоно.

-Зээл санхүүжилтэнд тавигдах шаардлага өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Тавигдах хуулийн шаардлага нь экспортын бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэдэг байх, дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын Хөгжлийн бодлоготой нийцтэй байх, эдийн засаг, санхүүгийн үр ашигтай, зээлийг эргэн төлөх чадвартай, ТЭЗҮ, зураг төсөл хийгдсэн байх шаардлага тавина. Мөн эдийн засаг, байгаль орчин, нийгмийн үр нөлөөг тооцсон ыайхыг шаардах юм. Үүнээс гадна төсөл хэрэгжүүлэгчийн туршлагыг давхар харгалзаж үзнэ.

-Зээлийн үнийн тухайд..?

-20 тэрбумаас дээш төгрөгийн зээлийг Хөгжлийн банк шууд олгоно. Харин доош зээлийг хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан зээлүүлнэ. Санал авч байгаа төслийн 85 хувиас хэтрэхгүй санхүүжилтийн зээл олгоно. Өмнө гаргаж байсан зээлүүдээ төлөөгүй, бусад банкинд өр зээлтэй  газрууд дээр хар жагсаалт гаргаж, ийм харилцагчаас зээлийн хүсэлт  дахин хүлээж авахгүй

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү