Шинжлэх ухааны академийн эрдэмтэд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтарч ажиллана


2019-10-21 18:28:20
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Шинжлэх ухааны академийн хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. 
 
Энэхүү санамж бичиг байгуулснаар Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлэн, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил зэрэг холбогдох бүхий л чиглэлд хамтран ажиллах юм.
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр, компанийн үйл ажиллагаа болон УИХ, Засгийн газраас гарсан тогтоолын хэрэгжилтүүдтэй холбоотой ажлын талаар товч танилцуулж, Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой хийгээд үүнийг ажил болгох судалгаа шинжилгээний чиглэлд  хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хэллээ. 
 
Шинжлэх ухааны академийн хими, хими технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан, “Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажиллах бидний саналыг хүлээж авсанд талархаж байна. Өнөөдөр надтай хамт манай хүрээлэнгийн нүүрсний чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажил хийдэг манай улсын өмнөө барьдаг эрдэмтэд хүрэлцэн ирсэн. Хүрээлэнгийн дэргэд 11 судалгааны лабораторитой бөгөөд эдгээр нь нүүрсний олон шинж чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлох, судлахад  түшиц болох төв нь байж чадна гэв.
 
Мөн хамтын ажиллагааны хүрээнд Тавантолгой ордын нүүрсийг коксжуулах замаар Монгол улсад кокс-химийн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх зорилт тавих, судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн төслийн тайлан хамтран боловсруулах, түүхий нүүрсний шинж чанарыг тодорхойлж, түүхий нүүрс болон балансын бус нүүрсийг угаан баяжуулах туршилт судалгаа хийх, нүүрс угаан баяжуулах үйлдвэрээс гарах хог хаягдлыг баяжуулах технологийн туршилт судалгааг хамтран хийх, нүүрсний давхаргын метан хийн боловсруулалт, синтезээр нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийн судалгааг хамтран хийх,нүүрсний давхаргын метан хийнээс нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох боломжийн судалгааг хийх, уул уурхайн салбарын хөгжил, технологи, үйлдвэрлэлийн асуудлаар эрдэм шинжилгээний бага хурлыг хамтран зохион байгуулах зэрэг хийх ажлынхаа талаар ярилцлаа. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү