“Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аян Хөвсгөл аймагт үргэлжилж байна


2019-10-22 11:20:59
“Эрдэнэс-Тавантолгой” ХК Монгол орон даяар “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг өрнүүлж байна. Энэхүү аяны хүрээнд сургалт, судалгаа, хувьцааны хөрөнгийн зах зээлийн анхан шатны суурь мэдлэг олгож, брокер дилерийн компанитай ыхамтран үнэт цаасны данс нээлгэх үйл ажиллагааг явуулж байгаа юм. “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн”  аян Хөвсгөл аймагт үргэлжилж тус аймгийн 23 суманд  ажиллах   компанийн багийнхан Мөрөн сумаас аяныхаа үйл ажиллагааг эхэллээ. 
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Тээвэр, ложастикийн хэлтсийн менежер Д.Дамдиндорж дараах тодруулгыг өгөв. 
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК  2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Цэвэр ашгийг “Эрдэнэс-Тавантолгой”-н үйл ажиллагааг өргөжүүлэх, тэлэх зорилгоор хэд хэдэн томоохон төслийг санхүүжүүлэхэд зориулсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, авто зам барих, баяжуулах үйлдвэр барих гэх мэт томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд иргэд маань хөрөнгө оруулалт хийсэн гэсэн үг. “Эрдэнэс-Тавантолгой”-н 1072 хувьцааг Монгол Улсын 2,511,000 иргэн, 486 аж ахуйн нэгж эзэмшдэг. 2019 оны жилийн эцсийн тайлан баланс гарч дуусахаар ирэх оны нэгдүгээр улирлын хувьцаа эзэмшигчдийн хурлаар иргэддээ ногдол ашгийг хуваарилах асуудлыг Засгийн газартай хамтран ярилцаж шийдвэрлэнэ.    
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэн бүр хувьцаа, хөрөнгийн зах зээлийн мэдээлэлтэй байж өөрийн хувьцаагаа хянаж,  хөрөнгийн зах зээлд оролцоход нь туслах, мэдээллээр хангах чиглэлээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас зохион байгуулж байгаа “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аянд иргэд ихэд талархалтай байв. 
 
“1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн ажилтнуудын явуулсан сургалтад хамрагдсаны дараагаар орон нутгийн иргэд ийнхүү ярив.
 
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Б.Батжаргал: 
-Дансаа  сая шалгуулж, 741 ширхэг хувьцаа байгаа гэдгээ мэдлээ. Би дансаа урьд нь нээлгэсэн байсан бөгөөд хүүхдүүддээ ч нээлгэсэн. Сая хувьцааны тухай сургалтад сууснаар маш сайн ойлголттой боллоо. Хувьцааг яаж ашиглах ёстой гэдгийг урьд нь сайн мэддэггүй байжээ. 
 
Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Тамгын газрын дарга Г.Нямханд: 
-“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас зохион байгуулж буй мэдээлэл өгөх сургалтад хамрагдлаа. Маш чухал үр дүнтэй, иргэн бүрт хэрэгтэй мэдээллийг өгч байна. Ер нь хувьцаатай хуримтлалтай байхыг дэмждэг. Энэ талаар олон хүмүүс мэдээлэл аваасай гэж хүсч байна. Миний хувьд хувьцаа эзэмшдэг, дансаа шалгасан. Гэр бүлийнхээ гишүүддээ данс нээлгэсэн. Хувьцаанд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн бодолтой явдаг. “Эрдэнэс-Тавантолгой” ХК бол жишиг уурхай. Энэ уурхайгаас олж буй ашгийг нийгмийн үр дүнтэй үйлчилгээнд хэрэгжүүлж чадаж байгааг харж байна.
 
Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын иргэн Б.Батбаяр:
-Аймаг, сум, багийн хэмжээнд зохион байгуулж иргэн бүрт хүргэх ёстой үр дүнтэй сайхан сургалт болж байна. Бид бүхэн урьд өмнө нь 1072 хувьцааны тухай мэдээллийг өөрсдийн түвшинд хэвлэл мэдээллийн хэрэгслээс авдаг ч хөдөө орон нутгийн малчид маань тэр болгон бүрэн мэдээлэл авах боломж бага. “Эрдэнэс- Тавантолгой” ХК бүх нийтийн анхааралд байдаг компани. Тус компани ажлын байр гаргаж байгаа нь сайн хэрэг. Тухайлбал, манай сумын олон залуус Тавантолгойд нүүрс ачиж, жолоочоор ажиллаж байна. Сүүлийн үед БНСУ руу явснаас Тавантолгой руу ажилласан нь ашигтай юм байна гэж олон хүн ярьдаг болжээ. Ер нь 1072 хувьцааны тухай мэдээлэл хүмүүст маш дутмаг байдаг. Миний хувьд би 1072 хувьцааны үр шимийг хүртэж, сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөж байсан. Хувьцааны ашиг үр шимийг нь мэдэхгүй хүмүүс цаг нь болоогүй байхад өөрт ашиг багатай шийдвэр гаргах эрсдэл бий. Иймд хувьцааны үнэ цэнийг таниулах шаардлага байгаа нь сая болсон сургалтаар харагдлаа.
 
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Тамгын газрын дарга П.Ганболд:
-Хувьцаа иргэдэд их хэрэгтэй. 1992 онд үнэт цаасны мэдээлэлгүйгээс болж иргэд  хохирсоныг энэ мэдээллээс мэдэж авлаа. Өмнө нь олгосон цэнхэр тасалбараа хүчинтэй эсэхээ одоо шалгаж үзэх ёстой юм байна. Хэрвээ шалгаж үзээд байгаа бол сэргээж авч болно гэнэ. Миний хувьд гэхэд өмнө нь авсан цэнхэр тасалбар маань хаана явааг ч мэдэх юм алга. Мөн “Эрдэнэс-Тавантолгой” ХК ямар үйл ажиллагаа явуулдаг компани вэ талаар мэдээлэл сонслоо. “Эрдэнэс- Тавантолгой” ХК асар их ажил хийж байна, өмнөх үүссэн өр зээлээ бүрэн дарж чаджээ. Манай Монголын залуучууд үнэхээр бахархмаар ажиллаж чадаж байгаа юм байна.
 
Манай улс 1992 онд 1.1 сая иргэнд цэнхэр тасалбар буюу эрхийн бичгээр дамжуулан эзэмшүүлж, иргэдийн дийлэнх нь мэдээлэлгүйгээсээ болж үр шимийг нь хүртэж чадаагүй бол монголчууд хоёр дахь удаагаа хөрөнгийн зах зээл дээр амжилттай нэвтэрсэн “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцаа юм . Иймд иргэд 1072 хувьцаанаас өөрийн ногдол ашгийг хүртэхийн тулд юуны өмнө хувьцааны данс нээлгэсэн эсэхээ шалгах хэрэгтэй. Одоогийн байдлаар 2.5 сая иргэнээс тал хувь нь дансаа нээлгээгүй гэсэн мэдээлэл бий. 1072 хувьцаа мэдээллийн төвтэй 1800-1072 утсаар холбогдон асуух ба интернет ашиглан erdenestt.mn сайт, ett аппликейшн www.net.schcd.mn/registration/ "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв"-ийн цахим хуудсанд регистерийн дугаараа оруулснаар шалгах боломжтой юм. 

НИЙТЭЛСЭН: 2019-10-22 өдөр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү