Хуримтлалтай хувьцаатай иргэн" аян Орхон аймагт үргэлжилж байна


2019-10-30 17:51:41
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-аас зохион байгуулж буй “Хуримтлалтай - Хувьцаатай иргэн" аянд Орхон аймгийн 24 багийн 2000 гаруй иргэн хамрагдаж хувьцаа, хөрөнгийн зах зээл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ирээдүйн зорилтын талаар мэдээлэл авлаа.   
 
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 85.2 хувийг төр, 14.7 хувийг иргэд, 0.05 хувийг аж ахуйн нэгж эзэмшиж байна. Тодруулбал, 2 сая 511 мянган иргэн 1072 хувьцааг эзэмшиж байна. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар 1 сая 100 мянган хүнийг хувьцаа эзэмшигчээр шинээр бүртгэж цаашид 780 мянган иргэнийг хамруулахаар ажиллаж байгаа ажээ.
 
Иргэд хувьцаа эзэмшсэнээр өрх, гэрийн эдийн засаг болон улс орны хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тодруулбал, “Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсанаасаа хойш улс төрийн нөлөөллөөр ашигтай ажиллаж чадаагүй учир бүхий л орлого, ашгаа өр, төлбөр барагдуулахад зарцуулсан гэдгийг  мэдээллийнхээ эхэнд хэллээ. Үүнийг Эрдэнэт хотын хөгжилтэй харьцуулж тайлбарлахдаа, “Жишээ нь Эрдэнэт хот 1976 онд байгуулагдаад есөн жилийн дараа гэхэд “Эрдэнэт үйлдвэр”–ийн I ээлж ашиглалтад орсон, 1,2,3 дугаар микрийн орон сууц, Дулааны цахилгаан станц, Хөнгөн үйлдвэрүүд аль хэдийнэ ашиглалтад орсон байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойших есөн жилийн дараа зөвхөн өр л дарсан байна. Гэтэл 50 мянган хүн амтай жижиг хот, төмөр зам, хими, технологийн үйлдвэрүүд аль хэдийн байгуулагдсан байх ёстой  байсан” гэсэн юм.
 
Гэхдээ үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг дахин боловсруулж, стратеги, төлөвлөлтөө шинэчилж ажилласны дүнд 2017 онд 401 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж санхүүгийн хувьд чадавхтай болсон гэлээ. Нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгд, олборлолтын хэмжээгээр дөрөвт бичигддэг тус компанийг 2011 онд олон улс үнэлэхдээ 12-24.6 тэрбум доллартай дүйцэхүйц үнэ цэнтэй орд хэмээгээд 6.3 тэрбум тоннын нөөцтэй гэж дүгнэсэн байдаг.
 
Иймд Зүүнбаян, Гашуунсухайтын чиглэлд тавьж буй төмөр зам ашиглалтад ороход  нэг тонн нүүрсний үнийн тээвэрлэлтийн зардал 4 дахин буурч иргэдэд ноогдох ногдол ашиг тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэлээ. Одоо авто замаар нэг тонн нүүрсийг тээвэрлэхэд 35 доллар зарцуулж байгаа бол төмөр замаар тээвэрлэхэд 8 доллар зарцуулах гэнэ. Өөрөөр хэлбэл иргэн бүрт олгох ногдол ашиг ийнхүү бодитой нэмэгдэнэ гэсэн юм. Мөн ирэх оны тавдугаар сард тус компани олон улсын хөрөнгийн зах зээлээс 1.3 тэрбум доллар босгох төлөвлөгөөтэй байгаа тул хувьцаа эзэмшигч иргэд дотоодын бус олон улсын хувьцаа эзэмшигч болно гэдгийг өдөрлөгийн үеэр мэдээллээ.
 
Ийнхүү “Хуримтлалтай - Хувьцаатай иргэн" Орхон аймагт амжилттай өрнөж иргэд хөрөнгийн зах зээл, “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хэтийн зорилго, хөрөнгийн зах зээлд оролцох давуу тал зэрэг санхүү, эдийн засгийн тодорхой мэдээлэлтэй боллоо.
 
Эх сурвалж: Б.Оюун-Эрдэнэ
Орхон /МОНЦАМЭ/

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү