20.000 төгрөгөөр ямар бүтээн байгуулалт хийж болох вэ


2019-12-02 09:32:11

Уншигч та 20.000 төгрөгөөр юу хийж чадах вэ. Хүнсний хувьд хоёр талх, 5 кг гурил, 1 кг будаа авч болох юм. Харин бүтээн байгуулалтын хувьд энэ мөнгөөр юу бүтээж чадах бол. Хашаан дахь явган хүний замыг энэ мөнгөөр засварлаж хүрэх үү. Аль эсвэл орон сууцны дундах нийтийн талбайн нэг хэсгийг тохижуулж дөнгөх үү. Үгүй дээ тактаа энэ мөнгөөр засварлаж, өнгө үзэмжийг нь дээшлүүлье гэвэл, хүрэлцэх болов уу. Мэдээж аль аль нь бүтэшгүй зүйл.

Тийн атлаа жилдээ нэг удаа 20.000 төгрөг авто зам ашигласны төлбөрт тушаачихаад эвдрэлгүй, энхэл тонхолгүй замаар зорчихыг шаарддаг. Мэдээж иргэн та үүргээ биелүүлсэн тул ийм шаардлага тавих нь зүйн хэрэг. Гэвч авто зам ашигласны хураамж болгон хураадаг 20.000 төгрөг хаанаа ч хүрэлцдэггүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхнө гэгчээр энхэл донхолтой 3 замын нэгийг нь чадвал хоёрыг нь нөхөх байдлаар өдөр хоногийг өнгөрүүлдэг аж.

Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтний хэлж байгаагаар зам засварын арчлалтын мөнгө жилээс жилд буурах болсон. Өмнө нь 55-60 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол сүүлийн 6 жилд 20 тэрбум төгрөг болгон бууруулжээ.

Сүүлийн хэдэн жил их хэмжээний бороо орсны улмаас нийслэлд бараг бүтэн зам үлдээгүй гэхэд хилсдэхгүй биз. Нарны зам, Үйлдвэр комбинат, Гурвалжингийн гүүр, 22-ын товчоо, 3, 4 дүгээр хороолол, Бөмбөгөр худалдааны төв, Гандан, Хархорин, Зурагт, Баянхошуу, Дарь-Эх гээд л тоочоод байвал нийслэлд эвдрээгүй, цоороогүй зам бараг үгүй. Хөөгөөд явбал А бүс гэгдэж буй хотын төвийн зам ч хагаралтай, эвдрэлтэй. Хотын замын насжилт богино, арчилгаа, хийц муу байдгийн хамгийн тод жишээ нь, энэ. Эвдэрхий замаас болж жолооч нарын тэвчээр барагдахаас илүүтэй авто осол гарах нь элбэг. Тодруулбал, эвдэрхий замаас болж иргэд эрүүл мэнд, эд хөрөнгө, амь насаараа хохирч байна. Эвдэрсэн замаар тойрч гарах гэж байгаад багахан хэмжээний осол гаргахад л хамгийн доод тал нь 50-100 мянган төгрөгийн нөхөн төлбөр төлж, машин жолоодох эрхийн онооноосоо хасуулахын сацуу осол гаргасан гэдэг үндэслэлээр дахин 50-100 мянган төгрөгийн торгууль төлөх шаардлага гардаг. Зүгээр л эвдэрсэн зам тойрч гарсны төлөө шүүдээ. Мэдээж жолоочийн авхаалж самбаа, сонор сэрэмжийг шаардаж байгаа ч хэдий болтол ан цав үүссэн, хагарсан, эвдэрсэн замаар нийслэлчүүд зорчих вэ.Адаглаад машины эд ангид хүртэл муугаар  нөлөөлж байна. Нөгөө талаар туслах замуудын эвдрэл нь зохиомол түгжрэл үүсэх гол шалтаг болж байгаа юм.

Тэгвэл асуудлыг шийдэх гарц байна. Нийслэлийн жолооч та ирээдүйн ая тух, тавтай зорчих боломжийг бүрдүүлэхийн тулд сард 8300 төгрөг авто зам ашигласны төлбөрт тушаалгахад болох гэнэ.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралдаанаар “Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр авах журам”-ыг  баталдаг. 2013 онд тус журам шинэчлэгдэж Нийслэлийн авто зам ашигласан төлбөрт “суудлын автомашин” 20 мянган төгрөг жилд нэг удаа төлж байхаар тогтоож байсан. Тэгвэл энэхүү журмыг шинэчилж, “Авто зам ашигласны төлбөрт суудлын автомашин жилдээ нэг удаа 100 мянган төгрөг төлөхөөр болох юм.

Ингэснээр өмнө нь тулгарч байсан хүндрэл бэрхшээлтэй асуудлууд эцэслэгдэнэ гэдгийг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл та бидний төлж ирсэн 20.000 төгрөгөөр авто замын байгууламж шинээр барих, шинэчлэх боломж байхгүй. Эвдэрч сүйдсэн зам бүрийн засвар арчлалтыг хийхэд төсөв хүрэлцдэггүй. Харин сард 8300 төгрөг буюу жилд нэг удаа 100.000 төгрөгийг авто зам ашигласны төлбөрт тушааснаар эвдрэлгүй, хатуухан хэлэхэд, ганц ч нүхгүй замаар зорчих боломж нөхцөл бий болно гэдгийг эрх баригчид “амлаж” байгаа юм.

Улмаар авто замын эвдрэл үгүй болсноор иргэн таны автомашины бүрэн бүтэн байдал хангагдаж, аваар, осолгүй, аюулгүй, амар амгалан, ая тухтай зорчих боломж нөхцөл бүрдэнэ гэдгийг санахад илүүдэхгүй биз. Өнөөдрөөрөө амьдрасан монголчуудын өөнтөгч зан зөв зүйлд хөтлөөгүйг уншигч та алхам тутамдаа мэдэрч буй биз. Иймээс алсыг харсан зоримог үйлдэл, түүнийгээ түшиглэсэн хөрөнгө оруулалт юу юунаас чухал юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү