Хүүхэд бүрийн тоогоор 1.6 жил ажилласан жил дээр нэмэгдэнэ


2020-01-13 14:21:16

Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлэл хийж, зарим иргэний тэтгэвэр 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн, олон хүүхэдтэй ээжийг ажилласан жил хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар танилцууллаа. Мэдээллийн эхэнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дэд дарга Г.Саран малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломжтой болсон талаар онцолсон юм. Түүний хэлж байгаагаар холбогдох хуулийн дагуу тэтгэвэр тогтоолгон авч буй нийт тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд энэ онд 150.6 тэрбум төгрөг зарцуулах аж. Ингэснээр тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээ 8 орчим хувиар нэмэгдэхээр тоон үзүүлэлт гарчээ. 

Малчин болон хувиар бизнес эрхлэгч тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх хүсэлт гаргах үед 15-60 настай Монгол Улсын иргэн хамаарах ба шимтгэл нөхөн төлөх хугацаанд иргэний суралцсан хугацаа, хорих ял эдэлсэн хугацаа, өндөр насны тэтгэвэр авсан хугацаа хамаарахгүй гэнэ.  Шимтгэлийг хуулийг дагаж мөрдөх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар буюу сард 42,000 (420 мянгын 10 хувь) төгрөгөөр тооцож төлнө. Тус хуульд 88.1 мянган малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч хамрагдах бөгөөд 2020 онд 34.8 мянган иргэн шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тооцоо гаргажээ.

Шинэ оны эхнээс зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэн. 1990 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан БНХМАУ-ын тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөө 1991 оны нэгдүгээр сарын 1-нээс 1994 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарна.

  1. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан  дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх

  2. Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан  дөрөв,түүнээс дээш хүүхдээ зургаан настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх

  3. Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй

  4. Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй

Уг хуулийн үйлчлэлд дээрх 4 нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон 21.2 мянган иргэн хамрагдана. Ингэхдээ 2020 онд 12.7 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд нэгдүгээр сарын 20-ны дотор олгож эхлэхээр төлөвлөжээ. 

Мөн цалингийн доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой зарим хүний тэтгэвэр нэмэгдэнэ. Тодруулбал, гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй 3 ба түүнээс дээш гишүүнд тогтоох тэжээгчээ алдсаны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 420,000 төгрөг боллоо. Түүнчолэн ажилгүйдлийн тэтгэмжийн доод хэмжээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 75 хувь буюу нэг өдрийн тэтгэмжийн доод хэмжээ 14,858 төгрөг (420,000 төгрөг*75%/21.2 өдөр), нийт тэтгэмж (76 өдөрт олгох)-ийн доод хэмжээ 1,129,245 төгрөгөөс багагүй болж өөрчлөгдсөн.

Тэтгэврийн даатгуулагчийн шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн дотроос дурын дараалсан 5 жилийн буюу 60 сарын дундаж цалингаас тогтоож байсныг 7 жилийн буюу 84 сарын дундаж цалингаар тогтоохоор өөрчилсөн. Энэ нь 2020 оноос эхлэн тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан иргэдэд хамаарах юм. Харин Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь хүүхдээ үрчлэн авч 6 нас хүртэл хүүхдээ өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сар нэмэгдэнэ. 

Хуулийн үйлчлэлд энэ  сарын 1-ний өдөр болон түүнээс хойш шинээр тэтгэвэр тогтоолгох эхчүүд хамаарна. Хүүхдийн тоогоор нэмж тооцох хугацаа (1 жил 6 cap) нь зөвхөн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаанд хамаарах ба хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд, малчнаар, мэргэжлийн урлагийн байгууллагад ажилласан, цэргийн алба хаасан зэрэг тусгай нөхцөлийн жилд хамаарахгүй.

Түүнчлэн хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан. Үүнд: Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас

Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө. Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.

Нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. Өмнө нь 70 хувиар тооцдог байсан билээ. Харин ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. /Өмнө нь 2 удаа л олгодог байсан/

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны тогтоолоор 2020 онд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420,000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон.

Сайн дурын даатгалын шимтгэлийн хувь хэмжээ нь 2019 он онд мөрдөгдөж байсантай (13.5%) ижил. Гэхдээ доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон шимтгэлээ төлдөг сайн дурын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээ 56,700 төгрөг болжээ. Харин үүнээс дээш дүнгээс шимтгэлээ төлдөг даатгуулагчийн төлөх дүнд өөрчлөлт орохгүй байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү