Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг гэрээт хугацаанд нь эхлүүлэхийг үүрэгдлээ


2020-01-24 09:46:44

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Хөшигийн хөндий дэх шинэ нисэх буудлын менежментийг хэрэгжүүлэх “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах бэлтгэл ажил, цаашид хэрэгжүүлэх ажлын календарьчилсан төлөвлөгөөний талаар ярилцаж, менежментийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх зарчмын асуудлуудаар хоёр тал санал солилцон, ерөнхий байр суурьт хүрлээ.

Компанийн удирдлагын зүгээс ажлууд төлөвлөгөөний дагуу хэрэгжиж байгаа ба шинэ нисэх буудлыг төлөвлөгөөт хугацаанд нь ашиглалтад оруулахаар талууд шуурхай хамтран ажиллаж байгаа талаар салбарын сайдад танилцуулав.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 455 дугаар тогтоолоор Шинэ нисэх буудлыг “Чингис Хаан” олон улсын нисэх буудал, одоогийн нисэх буудлыг “Буянт Ухаа” нэртэй байхаар тус тус шийдвэрлэсэн. Энэ талаар ирэх 4 дүгээр сарын 23-ны дотор олон улсад мэдээлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа ба гэрээт хугацаандаа багтаан шинэ нисэх буудлын үйл ажиллагааг жигдрүүлж, үйл ажиллагааг нь эхлүүлэхийг Б.Энх-Амгалан сайд үүрэг болголоо.

Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн хоорондын хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд “МИАТ” ТӨХК хуваарьт нислэг үйлдэж байгаа бол Улаанбаатар-Фүкүока-Улаанбаатар, Улаанбаатар-Осака-Улаанбаатар, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн олон улсын нислэгийн шугамыг “Аэромонголиа” ХХК-д хуваарилж, хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр нэмж томилоод байгаа билээ. Мөн “МИАТ” ТӨХК нь Япон Улсын “Жапан Эйрлайнс” компанитай Токио, Осака хотоос Канад, Энэтхэг, Австрали, Сингапур, Вьетнам чиглэлд маркетингийн агаарын тээвэрлэгчээр нислэг гүйцэтгэхээр болоод байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Buzznews.mn хариуцлага хүлээхгүй болно. Buzznews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл бичих:




Дээрхи үсгүүдийг бичнэ үү